Цэс Close

Өмч хувьчлалын хар мөрөөр:

“Улаанбаатар радио” нэрийн дор У.Булган 1220 м.квадратыг давуу эрхээр хувьдаа авчээ

Улаанбаатар хотын удирдлагууд Нийслэлийн төрийн өмч хөрөнгийг үнэгүйдүүлж өөрсдийн хүмүүстээ давуу эрхээр хувьчилж ирсэн байдаг. Үүний нэгэн жишээ бол энэ 2020 онд Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Баруун Сэлбэ үйлчилгээний төвийн “Ж” блокийн 1220 м.квадрат талбай бүхий байрын “Улаанбаатар радио” ХХК-д хувьчлал нэрийн дор бараг  шууд “бэлэглэчихсэн” явдал юм.

Тус хувьчлалыг нээлттэй дуудлага худалдаа явуулалгүйгээр Иргэний тухай хуулийн 105 дугаар зүйлд заасны дагуу тухайн иргэнд шууд давуу эрхээр хувьчлах гэсэн заалтаар “Улаанбаатар радио”-гийн захирал У.Булганд хувьчлан өгчээ. Уг нь тус байрыг “Наранбулаг сервис” ХХК, “Бадрал” ХХК нь 1990-ээд оноос хойш саяхныг хүртэл Нийслэлийн өмчийн газартай түрээсийн гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж ирсэн байдаг. У.Булган нь шилэн Цогоогийн хадам ээж бөгөөд тэрээр Нийслэлийн өмч болох радиог хувьдаа хэдийнэ өмнө нь авсан нь бий.

Баруун Сэлбэ үйлчилгээни төвийн “Ж” блок хувьчлалын нэлээн маргаантай явж ирсэн.

НИТХ-ын төлөөлөгч асан С.Мөнхчулууны хамаарал бүхий “Наранбулаг сервис” ХХК нь “Улаанбаатар радио”-той шүүхдэлцэж ирсэн бөгөөд эцэст нь У.Булган хувьчилж авснаар дуусав.

Угтаа хувьчлалын асуудал нэлээн маргаантай үед аль нэг талд нь үйлчлэлгүйгээр нээлттэй дуудлага худалдаа явуулах боломж Нийслэлд байсан ч Нийслэлийн Өмч ашиглалт, удирдлагын газраас шууд давуу эрхээр У.Булганд шилжүүлжээ. Ингэхдээ өнгөрсөн хоёрдугаар сарын 10-ны өдрийн тоотоор Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан дэмжиж гарын үсэг зурсан бөгөөд сонирхлын зөрчилтэй эсэх гэдэг дээр “үгүй” гэсэн хариултыг өгч байжээ. Ж.Батбаясгалан нь одоо НИТХ-ын даргаар ажиллаж байгаа бөгөөд ирэх 2021 онд хувьчлах жагсаалтыг гаргасан байгаа дээр үнэ маш хямдаар хувьчлах хэд хэдэн жагсаалт хэдийнэ батлагджээ. Өнөөдөр сургууль, цэцэрлэг дутагдалтай байгаа гэх мөртлөө татвар төлөгч бидний мөнгөөр баригдсан улсын өмчит барилга байрыг дүгнэлт гаргаж актлаад дараа нь үнэ хямдаар давуу эрхээр өөрсдөдтэй ойр хамаарал бүхий хүмүүст үнэгүйдүүлж өгдөг өмч хувьчлалын маапаан ирэх онд ч цааш үргэлжлэх нь.

Өмч хувьчлалын хар түүхийг цувралаар цааш хүргэх болно.

Б.ДОЛЗОДМАА

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах