Цэс Close

Өөрийгөө “Бурхан” хэмээн өргөмжилсөн залуу дунд сургуульд 10 хүнийг буудан егүүтгэв

Оросын Казань хотын 175 дугаар дунд сургуульд өчигдөр аймшигтай аллага боллоо. 19 настай Ильназ Галявиев хэмээх залуу өөрийн төгссөн сургуульдаа зэвсэглэн орж, найман сурагч, хоёр багшийг буудан хөнөөж, мөн олон тооны сурагч шархдаж, эмнэлэгт хүргэгдлээ. Хэргийн хохирогчид 14-15 насны хөвгүүд охид, мөн 26 болон 55 настай багш нар гэж мэдэгдээд байна.

Аллага үйлдэхээсээ өмнө Ильназ “Би бол Бурхан. Үүнийгээ бүрэн мэдэрлээ. Хоёр сарын өмнө Бурхан гэдгээ ойлгосон. Миний дотор чөтгөр бий болж, би бүгдийг үзэн ядах боллоо.

Хэн ч надад “Чи Бурхан” гэж хэлээгүй. Би өөрөө мэдэрсэн юм. Энэ тухайгаа ээждээ эхэлж хэлсэн. Үнэндээ би ээжгүй. Түүнийг зүгээр л Наиля гэж дууддаг юм. Тэр миний ээж ч биш. Надад эцэг эх гэж байхгүй, би бүгдийг үзэн яддаг. Би бүх зүйлээс татгалзсан болохоор ээж ч гэж байхгүй. Намайг төрүүлсэн эмэгтэй л гэж байхаас ээж гэж байхгүй. Аав ч үгүй, ээж ч үгүй.

Би Бурхан болохоор та бүхнийг боол гэдгээ хүлээн зөвшөөрөөсэй гэж хүсч байна. Энэ хорвоо дээр дэндүү олон био-хогнууд байна. Өнөөдөр тэднээс заримыг нь устгах болно. Би энэ хорвоод хүн төрхтэй ирэхдээ эдгээр био-хогнуудыг нь цэвэрлэх гэсэн юм” гэх мэтээр Ильназ сошиал орчинд бичлэг хийж тараажээ.

Үүнийхээ дараагаар дунд сургуульд очиж, хоморголон аллага үйлдсэн байна. Хэдийгээр өөрийгөө буудан хөнөөхийг завдсан ч тусгай албаны ажилтнууд баривчилж дөнгөжээ.

Цагдаа нарт баривчлагдсныхаа дараагаар байцаагдахдаа ч өөрийгөө “Би Бурхан” хэмээн хашгирч, хэрцгий догшин авир гаргасан хэвээр байж. Баривчлагдсныхаа дараагаар “Би гэртээ тэсрэх бөмбөг суурилуулсан” гэж мэдүүлсэн ч нэгжлэгээр илрээгүй гэнэ.

Татарстаны нийслэлийн нэгэн сургуульд аллага үйлдсэн түүнийг таньдаг мэддэг хүмүүс “Дуу цөөтэй, дотуур тамиртай маягийн залуу” гэж тодорхойлжээ.

Галявиев 2001 оны есдүгээр сарын 11-нд буюу АНУ-ын Нью-Йоркийн хоёр ихэр цамхгийг алан хядагчид онгоцоор мөргөн сүйрүүлж, олон зуун хүний аминд хүрсэн өдөр төрсөн гэнэ. Түүгээрээ ч бахархдаг байсан тухай танилууд нь ярьжээ.

Коллежоос хөөгдснийхөө дараагаар Галявиев буу худалдан авсан байна. Харин яагаад хөөгдснийг нь судалж үзэхэд хичээлдээ бараг очдоггүй байсан тул сургуулийн захиргаа тийм шийдвэр гаргасан гэжээ.

Харин аав нь хүүгээ коллежоосоо хөөгдсөн гэдгийг ч мэдээгүй байсан бололтой. Гэрт нь цагдаа нар очиход “Үгүй байлгүй дээ, хүү минь юу хийчих нь тэр вэ? Коллежоо төгсөх гэж байсан шүү дээ” хэмээн уулга алдсан гэнэ.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах