Авлигын хэргүүд шүүх дээр хэрхэх вэ?
Засгийн газар 30 жилийн түүхэндээ анх удаа Авлигатай хатуу тэмцэнэ гэсэн тогтоол гаргасан. Өмнө нь авлигатай тэмцэх ёстой гэж лоозон төдий ярьж байсан бол энэ удаа иргэд олон нийттэй хамтарч 5Ш асуудлын хүрээнд тэмцэж, үр дүнд хүрэхээр шийдвэрлэсэн. Энэ жил хэд хэдэн удаа орсон багахан хэмжээний ширүүн борооноос үүссэн үер бидний амьдарч буй орчин, хот төлөвлөлт, байгаа байр байдалд аа дүгнэлт хий гэж чангахан хэлэв. Угаас Улаанбаатар хотын хот төлөвлөлт утгаа алдаж, хэт төвлөрөл хэрээс хэтэрснийг бүгд мэддэг, ярьдаг. Улаанбаатар хотын өнгөрсөн 30 жилийн замбараагүй газар олголтыг цэгцэлж дүгнэлт хийхгүйгээр цаашид энэ байдал цэгцрэхгүй. Улаанбаатарын утаа, түгжрэл бол авлига болон буруу системийн бидний нүдэнд харагдаж буй сөрөг үр дагаврууд юм.
Тэгвэл саяхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний уламжлалт уулзалтаа Сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөлтэй хийсэн. Тэрбээр уулзалтын үеэр “Цэцэрлэг, сургууль, тоглоомын талбай, ногоон байгууламжгүй, төлөвлөлтгүй орон сууцыг улсын комисс хүлээн авч байгаагийн цаана авлига байгаа. Тийм барилгыг хүлээн авсан улсын комиссын хүмүүст мөрдөн шалгах ажиллагаа явуулах ёстой. Мөн Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуулийг Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл, иргэдийн оролцоонд тулгуурлаж хамтын хууль болгон шинэчлэх хэрэгтэй” хэмээн хатуухан хэлсэн.
Ерөнхий сайдын хэлсэн үг олон хүнд цохилт өгөх шиг болов. Эхнээсээ хотын газартай холбоотой асуудлыг АТГ шалгаж эхэлтэл зарим дарга ажлаасаа хүсэлтээрээ чөлөөлөгдөж, гадагшаа явж эхэлсэн бор шувуу дуулдана лээ.
Эргэн сануулахад “30 жил явж ирсэн авлигын сүлжээ хэвийн хэмжээнээс хэтэрсэн учир арга буюу Засгийн газрын тэргүүн авлигатай холбоотой асуудлыг цэгцлэх зорилт тавьж, 2023 оныг Авлигын эсрэг жил болгон зарлаж байгаа нь шүүх ажлаа хийгээгүй л гэсэн үг. Шүүх энэ бүх асуудлыг хуулийн дагуу шийд, эсвэл тайлбараа хий л дээ” хэмээн Ерөнхий сайд хэлж байсан.
Ер нь газрын асуудал шүүх дээр очихоор шүүх маш өрөөсгөл дүгнэлт гаргаж, хүчингүй болгосон хотын захиргааны шийдвэрийг шүүхийн шатанд хүчингүй болгодог жишээнүүд байдаг гэнэ. Тодруулбал, зарим шүүгчид галын аюулгүй байдлын улсын байцаагч энэ барилга баригдаж гал түймэр гарсан тохиолдолд энд мэргэжлийн байгууллага ажиллах боломжгүй, гал унтраахад цаг хугацаа алдана, эрсдэл өндөртэй гэж дүгнэчихээд байхад шүүх үүнийг нь барилгын зураг төслийн улсын байцаагч өөр дүгнэлт гаргачихсан байна гээд шийдчихдэг. Угтаа барилгын зураг төслийн улсын байцаагчаас илүү галын улсын байцаагчийн дүгнэлт мэргэшсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт. Иргэд бид эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхгүй боллоо, хүүхэд тоглох тоглоомын талбай алга, машин явах ч газар алга зэрэг өч төчнөөн өргөдөл гомдол ирчихээд байхад шийдвэр гаргасан байгууллагаас биш өөр байгууллагаас лавлагаа аваад олон нийтийн эрх ашиг зөрчигдсөн гэх баримт баталгаа алга гээд шүүх шийдчихдэг. Энэ мэт нөлөөнд автдаг, буруу дүгнэлт гаргадаг, илт ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэрүүд гарч байна гэж учир мэдэх нэгэн ярьж л байсан. Тэгэхээр одоо газрын авлигаас эхлээд энэ олон хэрэг дээр шүүхийг хэрхэн ажлаа хийхийг харах л үлдлээ.
Б.НАРАН
Сэтгэгдэл үлдээх