АНХААР: Гэрээсээ хол байгаагаа мэдэгдсэн зураг, бичлэг цахим хуудсандаа нийтлэхгүй байна уу

“Айлын байшинд хулгай орчихлоо” гэх дуудлага, мэдээлэл энэ сарын 27-28-нд шилжих шөнө цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт оршин суух иргэний гэрт 31-46 насны гурван этгээд хууль бусаар нэвтэрч хулгай хийж байсан үйлдлийг илрүүлсэн байна.
Дээрх этгээдүүд нь энэ сарын 17-ноос хойш нийт 12 удаагийн үйлдлээр иргэдийн орон байр руу хууль бусаар нэвтрэн 60 ширхэг элдсэн хурганы арьс, хурган дотортой дээл, мөнгөн аяга, монгол гутал, суран бугуйл, борц, шүрэн толгойгойтой хөөрөг гэх мэт зүйлсийг хулгайлсан байсныг урьдчилан тогтоожээ.
Иймд иргэд Та бүхэн орон байраа эзэнгүй удаан хугацаагаар орхиж явахдаа хаалга, цоожиндоо найдвартай цоож, бэхэлгээ хийж, хөршийн холбоогоо сайжруулах, цахим хуудсандаа гэрээсээ хол байгаагаа мэдэгдсэн зураг, бичлэг нийтлэхгүй байж хулгайн гэмт хэргээс өөрсдийн эд хөрөнгөө хамгаалж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.
Эх сурвалж: ЦЕГ
Сэтгэгдэл үлдээх