АН-ынхан дүрэмгүй улстөрдөө цэг тавь
Ардчилсан намын дотоод талцал Сүхбаатарын талбайн жагсаалаар үргэлжлэв. Монголын гол намын нэг Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн энэ үед дотроо учраа ололцолгүй иргэдийг талцуулан ковидын эрсдэлтэй үед жагсаал цуглаан хийв.
Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар парламентад суудалтай намууд нэг хүн нэр дэвшүүлэх ёстой. АН-ын хоёр тал хоёр нэр дэвшигч дэвшүүлснээс болоод Н.Алтанхуяг тэргүүтэй УИХ дахь АН-ын 11 гишүүн талбай дээр өлсгөлөн зарлаж жагсаалыг өдөөсөн. Тэдний ард Ерөнхийлөгч Х.Баттулга байгаа гэлцэж буй.
Нөгөө талын АН-аас бямба гаригт намынхаа байрны гадна С.Эрдэнэ, Э.Бат-Үүл тэргүүтэй ардчиллынхан цуглаан зохион байгуулав. Улмаар тэд Сүхбаатарын талбайг зорьж, хоёр талын АН-ынхны дунд хэсэгхэн мөргөлдөөн үүсэв.
АН өнөөдөр хоёр хуваагдаж талцсан нь энэ намын удирдлагууд тэдний өөр хоорондын дотоод “зодоон”-оос үүдэлтэй. Гэтэл АН буруугаа МАН руу, У.Хүрэлсүх рүү чихэж улстөржив. Бусдаас бурууг эрэхийн оронд нэг намын С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нар дотроо учраа ололцох ёстой байв. Харамсалтай нь тэд энэ талаар бодохыг ч хүсэхгүй байгаа нь илт. Ням гаригт дахиад л жагсаал цуглааны зар тараажээ. Ардчиллын хэд маань ам л нээвэл дарангуйлал, коммунизм гэх болжээ. Гучин жилийн өмнө авчирсан ардчиллаа өөрсдөө л ийм байдалд хүргэсэн.
СЕХ-ноос хуульд заасан хугацаанд буюу тавдугаар сарын 7-ны өдөр АН-аас нэр дэвшүүлсэн С.Эрдэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэн гэдгийг зарлав.
Монгол Улс шүүхтэй, хуультай орон. СЕХ хийдэг ажлаа л хийсэн. Албан ёсны гэрчилгээтэй талынх нь нэр дэвшигчийн бичиг баримтыг хүлээж авлаа. Тэд хүлээж авахгүй гэж хэлсэнгүй. Цаг өгсөн. "Дотооддоо асуудлаа шийд" гэлээ. Өөр яах ч билээ. Сонгуулийн ерөнхий хорооныхонд үүнээс өөр сонголт үгүй. Нэгэнт нэг намаас хоёр нэр дэвшигч бүртгэх боломжгүй учир тухайн намынх нь бүртгэлийн шүүхийн захирамж, баримтад тулгуурлан хууль эрх зүйн дагуу нэг талыг нь бүртгэхээс өөр гарцгүй.
АН-ынхан Сүхбаатарын талбайд өлсөж, жагсах биш, үүссэн асуудлаа намынхаа байранд харилцан ойлголцол эвийн замаар шийдвэрлэх ёстой. АН-ын хоёр талын хэрүүл олон нийтийг эрсдэлд оруулж коронавирус тархаах нөхцөл байдал руу түлхэж болохгүй юм.
Хэрэв өдөр хоногоор буурч эхэлсэн коронавирусын халдвар нэмэгдвэл энэ бурууг эрх баригчдаас биш Ардчилсан намынхнаас иргэд нэхэх болно. Эрх баригчид үүргээ гүйцэтгэж, хөл хорионы үед вакцинаа авчирсан. Тэдэнтэй одоо хэн ч юм ярихгүй.
Хоёр тийшээ харсан АН-ын тэмцэл Монголын төрийн, бүр улс орны зовлон болж болохгүй юм.
Монголд ардчиллыг авчирсан алтан хараацайнууд минь ардчилсан үзэл баримтлалтайгаа харуулж намын дотоод зодоондоо цэг тавьж, улс орноо үймүүлэн бужигнуулахаа боль.
Монголд хоёр Ардчилсан нам байхгүй учир хууль эрх зүйн хүрээнд АН талцлаа эцэслэж, ардчиллыг дэмжигч олон нийтийн итгэлийг хөсөрдүүлэхгүй байхыг хүсье. Нэгэнт бүрэн эрх нь дуусч байгаа, Үндсэн хуулиар дахин дэвших боломжгүй болсон одоогийн Ерөнхийлөгчийн улс төр, өшөө авалтын золиос бүү болцгоо. Алдаа дутагдал, талцал хэрүүлийн буруутан нь Та нар өөрсдөө. Үүн дээр танай намаас нэр дэвшиж гарч ирсэн Ерөнхийлөгч ч нэмэгдэнэ. Ардын нам үүнд түй ч хамаагүй.
Б.ДОЛЗОДМАА
Сэтгэгдэл үлдээх