Цэс Close

Атрын IV аяны хүрээнд хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дэмжих чиглэлээр дараах арга хэмжээнүүдийг авна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны гуравдугар сарын 16-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Атрын IV аяны хүрээнд хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дэмжих чиглэлээр дараах арга хэмжээнүүдийг авна

Хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлж дотоодын хэрэгцээг хангах, ногоо тариалагчдын борлуулалтыг дэмжих, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, хадгалалт борлуулалтын иж бүрэн тогтолцоог бий болгох зорилгоор хүнсний ногооны тариалан эрхлэгчдийн тухайн жилийн ургацаас зах зээлд худалдан борлуулсан стандартын шаардлага хангасан хүнсний ногооны нэг тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгоно.
Хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд 2022 оны хаврын тариалалтад зориулан улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийн үнийг 80 хувиар хөнгөлж олгохоор боллоо.
Өвлийн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2018 оны тогтоолын “Жил бүрийн арвананэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртлэх хугацаанд оройн 22 цагаас өглөөний 06 цагийн хооронд өвлийн хүлэмжийн цахилгааны хэрэглээний дээд хязгаарыг 1м2 талбай тутамд 0,768 квт/цагаар тооцон урамшуулж, төлбөрөөс 100 хувь чөлөөлсүгэй гэснийг “Жил бүрийн аравдугаар сарын 15-наас тавдугаар сарын 1-ний өдрийг хүртлэх хугацаанд оройн 18 цагаас өглөөний 06 цагийн хооронд өвлийн хүлэмжийн цахилгааны хэрэглээний дээд хязгаарыг 1м2 талбай тутамд 0,768 квт/цагаар тооцон урамшуулж, төлбөрөөс 100 хувь чөлөөлсүгэй” гэж өөрчиллөө.
Хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх чиглэлээр орон нутгийн иргэдийн хүнсний ногоо тариалах идэвх, санаачилгыг дэмжиж, хүнсний ногооны худалдаа, тээвэр, логистик, хадгалалтын сүлжээг хөгжүүлж, хөдөөгийн хүн амын хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлэх, энэ чиглэлээр орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга, тариалалтын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг хууль тогтоомжид нийцүүлэн үр дүнтэй зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд үүрэг болголоо.
Мөн тус хуралдаанаас 2021 оны ургацаас зах зээлийн эргэлтэд ороогүй, холбогдох стандарт, журмын шаардлагыг хангаж байгаа 50.4 мянган тонн хүнсний буудайг улс худалдан авч, нөөц бүрдүүлэхээр шийдвэрлэлээ.
Засгийн газраас дэвшүүлсэн "Шинэ сэргэлтийн бодлого”, Атрын IV аяны хүрээнд “ЭХ ОРНЫ ЭРҮҮЛ ХҮНС” уриан дор хэрэгжүүлж, дотоодын зах зээл, ногоочид, тариаланчдаа дэмжих цогц шийдвэрийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд мэдэгдлээ.

Төмс, хүнсний ногооны тариалалтад 50 тэрбум төгрөгийн зээл  олгоно

2022 онд хөдөө аж ахуйг дэмжих хөнгөлөлттэй зээлийн төрлийг нэмэгдүүлж, төмс, хүнсний ногооны тариалалтад тусад нь 50 тэрбум төгрөгийн зээл олгохоор Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэв. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийг дараах байдлаар олгоно.
Ноолуур бэлтгэл, үйлдвэрлэлд 150 тэрбум төгрөгийг  хоёр жилийн хугацаатай,
Газар тариалан, хаврын тариалалтад 100 тэрбум төгрөгийг хоёр жилийн хугацаатай,
Төмс, хүнсний ногооны тариалалтад 50 тэрбум төгрөгийг хоёр жилийн хугацаатай,
Ноос бэлтгэл, үйлдвэрлэлд 25 тэрбум төгрөгийг хоёр  жилийн хугацаатай,
Арьс, шир бэлтгэл, үйлдвэрлэлд 15 тэрбум төгрөгийг хоёр  жилийн хугацаатай,
Гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрлэлд 40 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай гурван хувийн хүүтэйгээр арилжааны банкаар тус тус олгоно. Засгийн газраас нийт зээлийн хүүгийн 7.65 нэгж хувийн хүүгийн дэмжлэг үзүүлнэ.

Замын-Үүд-Эрээн боомтоор нэвтрэх чингэлгийн тоог 2-3 дахин нэмэгдүүлнэ

Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн боомтоор нэвтрэх ачаа тээврийг нэмэгдүүлэх зорилгоор хилийн шугам дээрх талбайг өргөтгөж, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх үйл ажиллагаанд шаардагдах таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.
Замын-Үүд-Эрээн боомтын хилийн шугам дээрх чингэлгийн талбайг өөрийн талд гурван хэсэг талбай буюу нийт 24700 м2 талбайг хатуу хучилттай болгож өргөтгөх, чингэлэг солилцох талбай нэмэгдэж байгаатай холбоотойгоор чингэлэг өргөгч техник (калмар), сэрээт өргөгч, автокран худалдаж авах шаардлага үүсэж байна.
Энэ арга хэмжээг хэрэгжүүлснээр Замын-Үүд-Эрээн боомтоор нэвтрэх чингэлгийн тоо 2-3 дахин нэмэгдэж, овор хэмжээ ихтэй ачаа барааг татан авах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

“Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн”, “Хөөт-Чойбалсан”, “Хөөт-Бичигт” төмөр замын төслийг “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлнэ

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн оролцоотой Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх “Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн төмөр зам”, “Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх “Чойбалсан-Хөөт-Бичигт төмөр зам” тусгай зориулалтын компани байгуулна.
Концессын “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэх Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийг хамтран хэрэгжүүлэх сонирхол бүхий гадаад, дотоодын хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийж, сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт даалгалаа.
Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийг санхүүжүүлж, хамтран ажиллах хөрөнгө оруулагчдыг судлан, сонгон шалгаруулснаар цаашид концессын  эрхийг “Монголын Төмөр зам” ТӨХК-ийн оролцоотой төслийн тусгай зориулалтын компанид хууль тогтоомжийн дагуу олгох, төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай холбогдох зөвшөөрлийг авч, бүтээн байгуулалтын ажлыг хувийн хэвшилтэй хамтран гүйцэтгэнэ. Төмөр замын барилгын ажил дуусахад төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг “Монголын төмөр зам” ТӨХК гуйцэтгэх, концессын гэрээний хугацаа дуусах үед төмөр замын суурь бүтцийг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн эзэмшилд шилжүүлэн авах нөхцөлөөр концессыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байна
Хүүхдийн өвчлөлийн нөхцөл байдал, тусламж, үйлчилгээний хүрэлцээ, орны нөөц, томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд Засгийн газрын хуралдаанд С.Энхболд танилцуулга хийлээ.
Улирлын болон томуугийн цар тахлын үнэлгээгээр нийслэл алаг цоог дэгдэлтийн түвшинд, Дархан, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Увс, Хэнтий аймаг идэвхжлийн түвшинд байна.
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед томуугийн шинж байдал, өвчлөлийн босго үзүүлэлтийг үндэслэн авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, эмнэлгийн тасаг, нэгжийн үйл ажиллагааг өөрчлөн зохион байгуулах, эм эмнэлгийн хэрэгсэл, хүний нөөцөд анхаарч ажиллаж байна гэж салбарын сайд мэдээллээ.
Тухайлбал,
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн тусламж, үйлчилгээний 755 орыг нэмэлтээр дэлгэсэн байна.
Бага насны хүүхдийн амьсгалын замын өвчлөл, хүндрэл их байгаатай холбогдуулан энэ сарын 11-нээс ирэх сарын 1 хүртэлх хугацаанд өрх, тосгоны Эрүүл мэндийн төв бямба гаригт 10.00-17.00 цагт, дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет ажлын өдрүүдэд 08.30-22.00, ням гаригт 10.00-17.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж  байна.
 
Товч мэдээ
·      Улаанбаатар хотод хэрэгжих Тулгуурт байгууламж бүхий нийтийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх /LRT/ болон Хотын шинэ тойрог зам барих зэрэг “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг 2022 онд багтаан эхлүүлэх арга хэмжээ авах, эдгээр төслийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж энэ сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт даалгалаа.
·      Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцыг Засгийн газрын хуралдаанд 14 хоног тутам танилцуулж, БНХАУ-аас гэрээний дагуу импортоор авах төмөр замын бараа материалыг богино хугацаанд татан авах ажилд дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах