Цэс Close

Африк тив вакцингүй хоцорчээ

Дэлхий даяар коронавирусийн эсрэг нийт 204 сая тун вакцин хийгээд байна. Үүний 45 хувь нь G7 буюу Их Британи, Герман, АНУ, Канад, Итали, Франц, Япон зэрэг Их долоон улсад ногдож байгаа юм. Түүний зэрэгцээ эдгээр тунгийн 92 хувийг өндөр орлоготой болон дунджаас дээш орлоготой улсын иргэд хийлгэжээ

Харин коронавирусийн халдварын улмаас 100 мянга гаруй хүн нас бараад байгаа Африк тивд эсрэгээрээ вакцинжуулах хурдын үзүүлэлт хамгийн доод түвшиндээ хэвээр байна. Учир нь тус тивийн ихэнх улс орнууд ганц ч тун вакцин хийлгээгүй байгаа юм.

“Өөр улсад эрсдэлтэй түвшний бүлэгт хамаарахгүй хүмүүс вакцинд хамрагдаад байхад Африкийн улсуудын хамгийн эмзэг хэсэг нь вакцинаа хүлээх шаардлага гарч байгаа нь шударга бус байна” хэмээн ДЭМБ-ын Африкийн улс орнуудыг хариуцсан бүс нутгийн захирал Матшидисо Моэти хэлжээ.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өмнө нь Европын улс орнууд болон АНУ-аас Африкийн улс орнуудтай вакцинаа хуваалцахыг уриалж байсан юм.

Африкийн орнууд одоогоор олон улсын болон бүс нутгийн хөтөлбөрт хамрагдан вакцинтай болно гэж найдаж байгаа аж. Тэдгээрийн нэг нь Covax юм. Энэ нь дэлхийн 170  гаруй орныг нэгтгэсэн Covid-19-ийн эсрэг вакцинаар хангах хөтөлбөр. ДЭМБ-аас мэдээлж байгаагаар Африкийн орнууд Covax хөтөлбөрийн хүрээнд хоёрдугаар сарын сүүл гэхэд вакцинаа хүлээн авч эхлэх аж. Эхний 90 сая тун вакцин тус тивийн ердөө 3 хувийг вакцинжуулахад хүрэлцэх бөгөөд тэдгээрт хамгийн эрсдэлтэй бүлгийн гэгдэх эрүүл мэндийн ажилтнууд багтаж байгаа юм.

Харин 2021 оны сүүл гэхэд Африк тив Covax хөтөлбөрөөр 600 сая тун вакцин авсан байх гэнэ. Энэ нь тус тивийн нийт хүн амын 20 хувийг вакцинд хамруулахад хүрэлцэх аж.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах