Цэс Close

Ашиг сонирхлын зөрчилтэй томилгоонууд үргэлжлэх үү

Хамтарсан Засаг байгуулагдаж, өвөр түрийдээ орох болсон цагаас хойш их, бага томилгооны ажлууд энэ зунжин үргэлжилж байна. Хамтарсан засагт багтасан АН, ХҮН-ий гишүүд яам, тамгаар баахан үүрлэж. Мэдээж томилгоо болгон буруу гэж хэлэхгүй.  Зөв оночтой томилгоо ч байна, анхаарлын гадна орхиж болохгүй байгаа оноогүй томилгоо ч байна. Буруу томилгооны үр уршгийг иргэд бид л хүртдэг шүү дээ. АТГ-ын эрхэлсэн комиссар Ц.Шинэбаяр өнгөрсөн сонгуулиас өмнө  “Зарим салбарт ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийн томилгоо тасрахгүй байна. Зарим салбарт цус ойртолт их, авлига маш их байна” гэж хэлж байсан.

Төрийн албаны шалгалт өгч байж болох ёстой төрийн бичгийн даргын ажлыг ч өнөөх мерит зарчим зэргийг үл харгалзан тавьж байна гэж олон нийт шүүмжлээд эхэлсэн. Тэр ч байтугай ашиг сонирхлын зөрчилтэй, ажил албаны ноцтой зөрчил гаргаж байсан хүмүүс ч томилгооны бялуу хүртэхээр яригдаж байна.

Саяхан л сайдын зөвлөх болсон гэж дуулдсан Ардчилсан намаас зүүн бүсэд нэр дэвшээд ялагдсан Т.Пүрэвхатан Барилгын хөгжлийн төвийн даргад яригдаж байгаа юм.  Газрын наймааны хэрэгт нэр холбогдож байсан. 2015 онд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн их цуурайтын аманд хууль бусаар 103 хүний нэр дээр газар олгож, үүний хариуд Хятадын иргэн Лин Суй Лин гэгчээс их хэмжээний авлига авсныг АТГ илрүүлж, улмаар нэр холбогдсон хүмүүс нь шүүхээс ял сонсч байсан. Тухайн үед Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны албаны дарга асан Н.Батсүх, Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга асан С.Бямбадорж, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга асан Б.Амаржаргал нарыг энэ хэрэгт хуйвалдан оролцсон гэдэг. Тухайн хэрэгт Н.Батсүх Т.Пүрэвхатанаар зуучлуулан Хятадын иргэнээс авлига авснаа хүлээж, ял авсан байдаг бол зуучилсан бүсгүй ялгүй мултарсан аж. Ингээд зогсохгүй Т.Пүрэвхатангийн нөхөр нь 2019 онд нийслэлийн ерөнхий архитектороор ажиллахдаа найрамдал зуслангийн газраас эхнэрийнхээ “Шинэ хужирт” ХХК-д газар олгуулсан хэрэгт холбогдож, ажлаа өгч байсан бөгөөд өнөөх газар дээрээ хувийн эмнэлэг барьсан талаар хэвлэл, олон нийтийн сүлжээгээр бишгүй нэг явсан билээ. Энэ мэт алба ажлынхаа боломжийг хувьдаа ашиглан асуудалд орж байсан нөхдүүд томилгооны эхэнд нэр яригдаад эхэлсэн нь гайхалтай. Эрх биш хууль, хяналтын байгууллагын шүүлтүүрээр орох биз гэж найдна.

Ер нь намдаа нэг суудал авчраагүй хэрнээ ялах боломжтой хүмүүсийн өмнөөс квот авч нэр дэвшсэн хэрнээ чухам яагаад гавьяа байгуулсан мэт төрийн албаны томоохон томилгоонд нэр нь яригддаг юм бэ?

Ашиг сонирхлын зөрчилтэй томилгоонууд энэ мэт үргэлжлэх үү. Эсвэл АТГ нь ашиг сонирхлын зөрчилтэй нөхдөө ялгаж, салгаж байгаа гэж найдна. Уг нь Ерөнхий сайд төрийн албан хаагчдын халаа, сэлгээг хийхгүй л гэж хэлж байсан юмсан. Төрийн алба тоглоом биш. Дуртай нь очоод, дуртайгаа бас хөөгөөд явуулаад байж боломгүй. Үнэхээр мэргэшсэн, нүдээ олсон, зөв томилгоог бол олон нийтээрээ шүүмжлэх нь бүү хэл, талархаж дэмждэг юм билээ. Юутай ч энэ зуны уртад засаг төр нь эмхэндээ орж, намрын чуулган эхлэхтэй зэрэгцэн үндсэн ажилдаа орж, улс орноо цэгцлээсэй. УИХ-ын гишүүд нь олон болж, парламентад суудалтай намууд нь нэмэгдсэн юмсан.  Жаахан ч гэсэн гэрэл асах нь уу гэж горьдох л юм.

Бэлтгэсэн: Д.Мөрөн

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах