Цэс Close

Аялалд архи хэрэггүй

Аялал зугаалгын улирал эхэлж, үндэсний их баяр наадам дөхөөд архи, пиво, ус, ундааны үйлдвэрүүдийн ачаалал нэмэгдэж эхэллээ. Хэрэглээ нэмэгдэхийн хэрээр эрэлт нэмэгдэж байгаа нь энэ. Аймаг, сум бүрийн баяр наадам, 10 жил, их сургуулийн ой, төгсөгчдийн уулзалт, аялал зугаалга гээд архи сөгнөх шалтгаан долоо, наймдугаар саруудад их. Анзаарсан бол Сүхбаатарын талбай өдөр бүр төгсөгчдийн уулзалтын хөлд дарагдаж, автобус автобусаар дүүрэн хүмүүс аялалд гарч архидан согтуурсаар л.

Архины хэрэглээ аюулын хэмжээнд хүрснийг доорх судалгаанаас тодорхой харж болно. Монгол Улсад импортоор оруулсан согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүний биет хэмжээ 2021 онд 38.9 сая литр болжээ. Согтууруулах ундааны үйлдвэрлэл нь 2021 онд 671 тэрбум төгрөгт хүрч 2011 онтой харьцуулахад дөрөв дахин, борлуулалт 740.9 тэрбум төгрөгт хүрч 2011 оноос тав дахин нэмэгдсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон стандартаар нэг хүнд жилд 7-8 литр архи, согтууруулах ундаа ногдож байгаа тохиолдолд үндэсний аюулгүй байдалд эрсдэл гарлаа гэж үздэг байна.

Гэвч манай улсын насанд хүрсэн нэг хүнд жилд 28 литр архи ногдож насанд хүрсэн хүн амын 51 хувь нь согтууруулах ундааг тогтмол хэтрүүлэн хэрэглэх болжээ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан судалгаагаар манай улсад жилд дунджаар 4500 хүн архины шууд болон шууд бус хамааралтай байдлаар нас барж байгаа нь тогтоогджээ. Өвөл нь баярлаж байгаа нэрээр тасартлаа архи ууж хөлдөж үхэх тохиолдол гардаг бол зун нь баярлаж байгаа нэрээр хордож үхтлээ архи уусаар л байна. Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой хордлогоор дунджаар өдөрт нэг, сард 30, жилд 365 хүн амь насаа алдаж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд архины хордлогоор 1817 хүн амь насаа алдсан харамсалтай мэдээлэл байна. Мөн архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотойгоор 2022 онд 89 хүн осгож амь насаа алджээ. Сүүлийн таван жилийн хугацаанд авч үзэхэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж 447 хүн осгож нас барсан байна. Ийнхүү шууд архинаас болж амиа алдахаас гадна шууд бусаар амиа алдах тохиолдол олон. Тодруулбал, олон өвчний суурь шалтгаан архи байдаг. Архидалттай холбоотой өөр нэг асуудал тасардаггүй нь согтуугаар гэмт хэрэг үйлдэх явдал. Согтуурсан үедээ бусдын биед гэмтэл учруулах тохиолдол өдөрт дунджаар ес бүртгэгдэж байна. Ингээд үзэхэд согтуугаар бусдын биед гэмтэл учруулах тохиолдол сард 277 бүртгэгдэж байгаа юм. Жилд гээд тооцоход энэ тоо мянгаар тоологдоно. Тиймээс зуны сайхан улирал, аялал зугаалга, 10 жилийн уулзалтаа архигүй, архи байлаа ч хэтрүүлэхгүй хэрэглэх нь чухал байна.

Байгаль цаг уурын хатуу ширүүн нөхцөл, бухимдал дүүрэн нийгэмд амьдарч буй монголчууд зуны улиралд стресс бухимдлаа тайлж, аялж зугаалдаг. Хэсэгхэн зуур олдож буй энэхүү боломжоо ашиглаж байгаа хүмүүсийг буруутгах аргагүй. Харин аялал зугаалга нэрээр архидан согтуурч, аялалаа амины үнэтэй болгож буй хүмүүсийг буруутгахгүй байхын аргагүй. Архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй л бол амарсан, аялж зугаалсан болдоггүй буруу жишиг бий болоод удлаа. Байгалийн сайханд амарч, тархи толгой, сэтгэл санаагаа сэргээж байгаа нэрээр архидан согтуурах нь эрүүл үзэгдэл биш. Зугаа цэнгэл, аялал зугаалгаар архидан согтуурах үйлдлээ хэтрүүлснээс олон хүүхэд өнчрөн, ид насандаа амьдарч яваа, ихийг хийж бүтээх олон сайхан залуус амиа алдсаар байна. Согтуурсан үедээ гол усанд орж амь эрсдэх, нэгнээ зодож амийг нь хөнөөх, хүнд хөнгөнөөр гэмтээх, согтуугаар жолооны ард сууж өөрийн болон бусдын амь насыг хохироох зэргээр архинаас улбаатай харамсаад барахгүй хэргүүд их гардаг. Гарсаар ч байгаа. Тиймээс аялалд гарахдаа архийг бүү хэтрүүл. Мэдээж найз нөхөд, хамт олноороо аялж зугаалж байгаа хүмүүс наргиж цэнгэхийг хүсэлгүй л яахав. Гэхдээ аюулгүй байдлаа хамгийн нэгдүгээрт тавих хэрэгтэй. Аялалынхаа ганцхан өдрийн орой л түүдэг тойрон сууж болно. Түүнээс бусад цагт нь байгалийн сайхныг үзэж харж, амрах хэрэгтэй. Манайхан амралт зугаалганд явсан биш ядраад ирлээ гэж ярьж, хошигнодог. Энэ нь амралтаа үр дүнтэй ашиглаагүй, магадгүй архидан согтуурахад цаг зарцуулж, нойроо ч хугасалсантай  холбоотой.

Б.НОМИН

ЭМДС-гийн захиалгаар бүтээв.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах