Цэс Close

Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн зарим хороонд гамшгийн шар түвшин тогтоожээ

Халиа тошин, шар усны үерээс сэргийлэх талаар Нийслэлийн Онцгой Комиссоос өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлэл өглөө.

НОК-ын нарийн бичгийн дарга Д.Оюунбат "Халиа тошинд өртсөн айл өрх, иргэний аюулгүй байдлыг хангах, мөсийг нэн даруй зөөж тээвэрлэх, түр далан босгох, шуудуу татах, лаг хагшаас хогийг цэвэрлэж ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэх, үерийн хамгаалалтын байгууламжийн найдвартай ажиллагааг хангах, хаврын шар усны үер, зуны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулах шаардлагатай гэж үзэж гамшгийн шар түвшин тогтоосон байгаа.

Гамшгийн шар түвшнийг тогтоож, 2024 оны хоёрдугаар сарын 8-нд НОК-ын даргын гаргасан тогтоолын агуулгыг танилцуулъя.

  • Нийслэлийн үерийн хамгаалалтын барилга, байгууламж, Сэлбэ гол дагуух халиа тошингийн хор уршгийг арилгах хариу арга хэмжээг зохион байгуулах
  • Шар усны үерээс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн хороодод хэсэгчлэн гамшгийн шар түвшнийг тогтоосугай
  • Халиа тошин, шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхийг дүүргийн Онцгой комиссын дарга, гамшгаас хамгаалах алба, нутгийн захиргааны байгууллагын дарга нарт даалгасан байна" гэлээ.

Мөн Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер Б.Жаргалан "Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гамшигт үзэгдлийн давтамж сүүлийн үед нэмэгдсэн.

Тодруулбал зуны цагт ердийн борооноос илүү ус ихтэй аадар борооны давтамж нэмэгдсэнээр өнгөрсөн 7-8 дугаар сард үерийн давтамж нэг бус удаа ажиглагдсанаас Сэлбэ голын усны түвшин ихсэж, хөрсний чийгийн хэмжээ өссөн. Ингэснээр өвлийн улиралд хөрсний чийгийн ус Сэлбэ голд үүссэн мөсийг цөмлөж гарч ирэх үзэгдлийг халиа тошин гэж нэрлэдэг.

Дэлхийн дулаарлын улмаас манай оронд өвлийн улиралд уур амьсгалын эрс өөрчлөлт ажиглагдах болсон.

Өнгөрсөн нэгдүгээр сард гэхэд говийн бүс нутгаар нэмэх градустай дулаан байсан бол эргээд хүйтрэхээрээ олон жилийн дунджаасаа эрс хүйтэрч зарим уулархаг бүс нутгаар -50 градус хүрч байна.

Мөн энэ өвөл их хэмжээний цас орж нийт нутгийн 80 хувьд цасан бүрхүүл тогтсон. Улаанбаатар хотод ч цасан бүрхүүлийн хэмжээ урьдынхаас их байна. Халиа тошин үүссэн ийм үед цасны хэмжээ их байгаа нь гэнэт дулаарвал шар усны үер буух магадлалыг өндөрсгөж байгааг анхааруулъя.

Энэ сарын 15-16-нд Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорноговь аймагт огцом дулаарах төлөвтэй байна. Ингээд 16-нд нутгийн хойд хэсгээр 17-нд ихэнх нутгаар цасан шуургатай огцом хүйтрэх төлөв ажиглагдсан. Үүнээс болж одоо үүсээд буй асуудал улам хүндрэх эрсдэлтэй" гэсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах