Бизнесийн сэргэлт авчрах 10 мянган залуусын сургалтад төрийн бодлогын дэмжлэг хэрэгтэй
Улс орны хөгжил бизнес эрхлэгч, хувийн хэвшлийнхний нуруун дээр тогтдог. Бизнесийн орчин хэр сайн байх хэрээр ажлын байр олноор бий болж, цалин орлого нэмэгдэнэ. Баялаг бүтээгчдийн бий болгосон орлого, татвараар Төр санхүүжиж, төсөв хуваарилалт хийнэ. Хувийн хэвшлийнхэн улсынхаа ДНБ-ий 80 орчим хувийг бүрдүүлж гол ачааг нуруун дээрээ үүрдэг.
Тэгтэл манай улсад жил ирэх бүр бизнесийн орчин улам муудаж, бизнес хумигдах боллоо. Татвар, нийгмийн даатгалын хэт өндөр шимтгэлээс эхлээд төрийн элдэв шахалт, дарамтаас болж шинээр бизнес эрхлэгчид хөл дээрээ тогтоход тун бэрх боллоо.
Энэ үед МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнгийн санаачилсан “Бизнесийн сэргэлт” хөтөлбөр анхаарал татаж байна. Монголын бизнесийн орчны төлөөх танхимын үйл ажиллагаа, санаачилгууд сүүлийн жилүүдэд улам идэвхжсэн билээ. Үнэн хэрэгтээ тийм чухал үүрэгтэй байгууллага гэдгийг нь бид өмнө мэддэг ч үгүй байлаа шүү дээ.
“Бизнесийн сэргэлт” хөтөлбөрийн хүрээнд 10 мянган залууг бизнесийн олон улсын сургалтад хамруулж чадавхжуулахаар болсон нь үнэхээр чих дэлдийлгэм содон мэдээ байв. Улаанбаатар хот болон 21 аймгаас улсын хэмжээнд жигд хамруулах зорилготой “Бизнесийн сэргэлт” хөтөлбөрт хамрагдахаар Монголын өнцөг булан бүрээс залуус эхнээсээ бүртгүүлээд эхэлжээ.
Бүртгэлийн явцаас үзэхэд өөр мэргэжлээр сурдаг ч бизнесийн мэдлэгтэй болох зорилготой оюутнууд залуус болон бизнес эрхэлдэг ч мэдлэг боловсролоо дээшлүүлэх гэсэн сонирхлоор уг сургалтыг сонгож байгаа юм. Мөн жирэмсний амралттай, гэртээ хүүхдээ хардаг ээжүүд, орон нутгаас малчид, ерөнхий боловсролын сурагчид гээд нийгмийн бүхий л насны иргэд уг сургалтад хамрагдахыг хүсч байгаа бөгөөд бизнесийн талаарх мэдлэг, мэдээлэл ямар ч насны хүнд, мэргэжил үл хамааран хэрэгцээтэй байна гэдэг нь эндээс харагдаж байна.
МҮХАҮТ-аас хэрэгжүүлж буй олон улсын Бизнесийн магистрын /MBA program/ сургалтын хөтөлбөр нь гурван үе шаттайгаар явагдана. Энэхүү бизнес сургалт энэ дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэх гэж байна.
Эхний ээлжинд 2024 оны 4-6 сарын хооронд 10 мянган залуу олон улсын Бизнесийн магистрын P-MBA /Personal MBA/ сургалтад суралцана. Ингэхдээ Улаанбаатар хотоос 4000, аймаг орон нутгаас 6000 залууг сонгон суралцуулна. Оролцоог тэгш хангахын тулд нэг аймгаас 300 иргэн байхаар тооцож бүртгэл хийгдэж байна. Энэхүү сургалтын төгсгөлд бизнесийн шинэ санаа, төслөө боловсруулсан байх бөгөөд шалгаруулалт хийж, 1000 хүнийг Энэтхэг, Сингапур, Малайз, Филиппин, Хятад зэрэг улсад олон улсын сургалтад үнэ төлбөргүй хамруулах юм байна. Гуравдугаар үе шатанд амжилттай сурсан, шилдэг төсөл бүхий 100-200 залууг бизнес инкубатор хөтөлбөрт хамруулж, олон талт санхүүгийн боломжийг олгохоор төлөвлөжээ.
Дэлхийн боловсролын жишгээр олон улсын Бизнесийн магистрын /MBA program/ хөтөлбөр нь нэг жилийн хугацаатай, дунджаар 30 сая төгрөгийн үнэ өртөгтэйгээр хэрэгждэг. Ийм хэмжээний чадавхитай сургалтыг МҮХАҮТ-ын дэргэдэх “Бизнес академи”-иас богино хугацаанд 300 мянган төгрөгийн үнэ төлбөртэйгээр явуулах гэж байгаа. Ингэхдээ суралцах боломжоор хангахын тулд суралцагч ердөө 99 мянган төгрөгийг өөрөөсөө төлнө. Үлдсэн бүхий л зардлыг МҮХАҮТ болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, бусад байгууллагаас санхүүжүүлэн гаргахаар тооцож байгаа аж.
МҮХАҮТ-аас баялаг бүтээгчдийг нэмэгдүүлэх, залуусын боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх замаар бизнесийн орчинг сайжруулах, эдийн засгийн тэлэлт хийх зорилгоор Монголын өнцөг булан бүрээс ирж буй 10 мянган залууст боломж олгохоор ажиллаж байна.
Энэ хөтөлбөрийн талаар МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн хэлэхдээ: “МҮХАҮТ-аас залуучууддаа бизнес эрхлэх урам зориг өгөх, жижиг, дунд бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, цаашилбал ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах олон улсын туршлагыг багтаасан хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна. Залуусыг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлдэг энтерпренерүүдийг дэмжих зорилгоор эхний ээлжинд 10.000 залуу, цаашлаад бүр олон залуусдаа бизнесийн шилдэг мэдлэг боловсролыг олгохыг зорьж ажиллаж байна” гэж ярилцлагадаа дурджээ.
МҮХАҮТ бол бизнес эрхлэгч гишүүдийнхээ татвараар санхүүждэг төрийн бус байгууллагын нэг. Тэд төрөөс санхүүждэггүй хэрнээ нийгмийн сайн сайхны төлөө манлайлал үзүүлж, бизнесийн орчинг сайжруулах, залуучуудын боловсролыг дэмжихээр олон төсөл санаачлан ажиллаж байна.
Хэрэв та хүнд загас өгвөл түүнийг нэг өдрийн хоолтой залгуулж байгаа хэрэг харин түүнд загасчлахыг зааж өгвөл насных нь хоолтой болгож байгаа хэрэг гэдэгчлэн Монголын бизнесийн орчин 10 мянган шилдэг залуусаар эгнээгээ тэлж байна. Дэлхийн хэмжээний мэдлэг, туршлагаас суралцсан залуус бусдадаа, нийгэмд сурсан мэдсэнээ цааш үлгэрлэн хуваалцах болно.
Үүнийг олж харсан танхим 10 мянган залууст олон улсын бизнесийн хөтөлбөрийг хамгийн бололцооны үнэ төлбөрөөр хэрхэн сайн сургах вэ гэж өөрсдийн нөөц боломжоосоо давсан амбицтайгаар ажиллаж байна. Одоо үүнийг төр засгаас түүчээлэн дэмжээд өгөх хэрэгтэй. Хувийн хэвшлийн асуудалд дураараа оролцон, төр нь өөрөө бизнес эрхэлж байхын оронд бизнесийн орчинг сайжруулах, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжихэд бодлогоор нэмэр болвол хэрэгтэйсэн. Тэрнээс биш хувийн хэвшлээ өөд нар харуулахгүй, төр өөрөө өрсөлдөгч нь болчихсон яваад байвал эдийн засаг чинь яаж сэргэх юм бэ. Яаж ядуурлаас гарах билээ дээ.
Шинэ үеийн 10 мянган залуус Монголын бизнесийг тодорхойлно. Энэ хөтөлбөр төлөвлөсөн ёсоор явбал Монголын бизнесийн орчинд шинэ үе, шинэ цаг ирнэ. 10 мянган залуусаар бизнесийн сэргэлт эхэлнэ. Үүнд төрийн зөв бодлого, дэмжлэг яалт ч үгүй хэрэгтэй. Хөдөлмөрийн насны залуус гадагшаа гараад дууслаа гэж гоморхох хэрнээ тэднийг Монголдоо ажилтай, орлоготой байх боломжийг яагаад дэмжихгүй байна вэ.
Сэтгэгдэл үлдээх