БНМАУ, ЗХУ-ын баатар, хошууч генерал, сансрын нисгэгч Ж.Гүррагчаад Чингис хаан одон гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жилд нэг удаа "Чингис хаан" одон гардуулдаг. Гэвч 2020 онд "Чингис хаан" одон гардуулалгүй өнжсөн билээ. Тэгвэл монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлагч Х.Баттулга "Чингис хаан" одонг сансрын нисэгч Ж.Гүррагчаад гардууллаа.
"Чингис хаан" одонт сансрын нисэгч Ж.ГҮРРАГЧАА: Өнөөдөр бол түүхэн өдөр тохиож байна. Монгол хүн сансарт анх ниссэний 40 жилийн ойг угтаж эрдэм шинжилгээний хурал хийж, бусад олон нийтийг хамарсан үйл ажиллагааг ч зохион байгуулж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр залуучуудыг хүлээн авч уулзсан. Энэ хурлаар бид сансрын шинжлэх ухааны олон том ажлыг эхлүүлэх талаар хэлэлцсэн. Төрийн дээд одон медалиар шагнуулсандаа миний бие туйлын баяртай байна. Энэ шагнал бол ард түмэн, улс орон, хамт хүчин зүтгэдэг орос анд нөхдийн минь шагнал. Мөн хойд хөрш болох ОХУ-тай найрамдалт харилцаа тогтоосны давхар баяр гэж бодож байна. 40 жилийн хугацаанд их ажил хийгдсэн. Сансарт найм хоног ажилласан судалгааны дээж бол ЗХУ-ын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд төдийгүй олон улс орны сансар судлалын ажилд үр дүн гаргасан билээ. Энэхүү найм хоногийн ажил маань анд нөхөр н.Ганзоригтой минь салшгүй холбоотой. Монгол залуус сансрын шинжлэх ухаанд маш амжилттай ажиллаж байна. Хэдхэн жилийн өмнө “Мазаалай” хиймэл дагуулыг хөөргөсөн бол одоо “Тэмүүлэл” нэртэй дараагийн хөлгийг хийх гэж байна. Хүн төрөлхтөн сансар судлалд онцгой анхаарч буй энэ цаг мөчид монголчууд маань мөн тодорхой үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр болж байгаад залуусын өмнөөс баярлаж байна. Цаг хугацааны нөхцөл байдлаас хамаараад олон хүнийг хамруулж чадаагүй хэдий ч энэхүү шагналыг хүртэх болсон шалтгаан үр дүн маань хэмжээлшгүй их. Сансарт хүн яах гэж нисдэг вэ? гэхээр эрдэм шинжилгээ, судалгааны том ажил хийх ёстой. Дараагийн сансрын нисэгчийг бэлдэхэд тийм их хугацаа шаардлагагүй. Өмнө үеийн арвин их туршлага дараа, дараагийн нислэгүүдийг түргэн хугацаанд хийгдэнэ гэж итгэж байна.
Ж.Гүррагчаа нь ЗХУ-ын сансрын нисгэгч В.А.Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны 14:58 цагт тухайн үеийн ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн байдаг. Тэрбээр, Монголоос сансарт ниссэн анхны нисэгч, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн сансар судлалын түүхэнд бичигдсэн.
Сэтгэгдэл үлдээх