БНСУ: Вакцин хийлгэсний дараа нас барсан тохиолдлууд дархлаажуулалттай холбоогүй
БНСУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс коронавирусний вакцин хийлгэсний дараа нас барсан 11 тохиолдлын үхлийн шалтгааныг вакцинжуулалттай холбоогүй гэж дүгнэжээ.
Тэдний мэдээлж байгаагаар “AstraZeneca”, “Pfizer” компанийн вакцин хийлгэснээс хэд хоногийн дараа нас барсан 47 хүн байгаагаас 11-д нь шинжилгээ хийсэн байна. Эдгээр 11 хүн нь бүгд 70-аас дээш насны, архаг хууч өвчтэй хүмүүс байсан бөгөөд долоо нь асрамжийн газарт амьдардаг байжээ.
Шинжээчдийн үзэж байгаагаар тэд тархиндаа цус харвах болон бусад суурь өвчний улмаас нас барсан байх өндөр магадлалтай хэмээн дүгнэсэн байна.
Түүнчлэн БНСУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс коронавирусний эсрэг вакцины аюулгүй байдлыг эмнэлзүйн туршилтуудаар нарийвчлан тогтоосон хэмээн онцлон тэмдэглэжээ.
Солонгос улс коронавирусний эсрэг вакцинжуулалтыг хоёрдугаар сарын 26-наас эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар 1 157 255 хүн вакцин хийлгэснээс 916 780 хүн “AstraZeneca”, 240 475 хүн “Pfizer”-ийн вакцин хийлгэсэн аж.
эх сурвалж: yonhap
Сэтгэгдэл үлдээх