Цэс Close

БНСУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх гадаад иргэдийг 30 хүртэлх хоногийн хугацаатай тус улсын хилээр нэвтрүүлнэ

БНСУ-ын ХЗЯ-аас өнгөрсөн 2020 оны 2 дугаар сараас эхлэн “КОВИД-19” цар тахлын улмаас тодорхой нөхцөлийг хангасан гадаад иргэдийг БНСУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх зорилгоор түр хугацаагаар хил нэвтрүүлэх журмын үйлчлэлийг зогсоогоод байсныг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дахин сэргээж байгаа болохыг мэдэгдэв.

БНСУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх дараах нөхцөлийг хангасан гадаад иргэдийг 30 хүртэлх хоногийн хугацаатай тус улсын хилээр нэвтрүүлнэ. Үүнд:

1. БНСУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх АНУ (Гуам, Сайпан хамаарна), Канад, Австрали, Шинэ Зеланд улсын хүчин төгөлдөр визтэй, дээрх улс руу зорчиж байгаа эсвэл сүүлийн 4 сарын хугацаанд эдгээр улсад оршин сууж байгаад БНСУ-аар дамжин нутаг буцаж байгаа тохиолдолд.

2. БНСУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх Европын холбооны 32 улсын хүчин төгөлдөр визтэй, тэдгээр орны аль нэг орон руу зорчиж байгаа эсвэл дээрх улс орнуудаас БНСУ-ын нутаг дэвсгэрээр дамжин нутаг буцаж байгаа тохиолдолд.

АНХААРАХ: Дээрх 2 нөхцөлийг хангасан гадаадын иргэд БНСУ-ын хилээр нэвтрээд 30 хоногийн дотор үндсэн зорчиж байгаа улс руу явах эсвэл эх орондоо буцах нислэгийн тийзтэй байх шаардлагатай. Мөн АНУ, Канад, Шинэ Зеланд, Европын холбооны 32 улс руу зорчих хүчин төгөлдөр визтэй эсэхийг шалгахын тулд гадаад паспортод наагдсан визийн хуудсыг шалгана.

Австрали улсын визтэй иргэдийн хувьд тус улсын визийн цахим систем VEVO, online.immi.gov.au цахим хуудаснаас тухайн иргэний мэдээллийг шалгах болохыг тус тус анхаарна уу.

БНСУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөхдөө дараах зөрчлүүдийн аль нэгийг гаргасан тохиолдолд тус улсын хилээр түр нэвтрүүлэхээс татгалзана. Үүнд:

1. БНСУ-ын хил дээрээс сүүлийн 3 жилийн хугацаанд нэвтрүүлэхээс татгалзсан бол,

2. БНСУ-ын хууль, тогтоомжийг зөрчиж, 5 сая вон түүнээс дээш дүнтэй торгууль төлөх шийтгэл хүлээж байсан бол,

3. БНСУ-д хууль бусаар оршин сууж, тухайн нутаг дэвсгэрээс гарах мэдэгдэл авч байсан болон албадан нутаг буцаагдаж байсан бол,

4. Зорчсон улсдаа 3-аас доош хоног болсон (Жишээлбэл, АНУ-д 2 хоног зорчоод эх нутагтаа буцаж байгаа иргэнийг БНСУ-аар дамжин өнгөрөх тохиолдолд түр хугацаанд хил нэвтрүүлэхээс татгалзана) зэрэг болно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах