БНСУ 9 их наяд 300 тэрбум вонын санхүүгийн дэмжлэгийг ААН, иргэддээ үзүүлнэ
БНСУ-ын Засгийн газар 3 дахь удаагийн санхүүгийн дэмжлэг үзүүлж эхэллээ. БНСУ-ын Засгийн газар өнөөдрөөс эхэлж (2021.01.11) "КОВИД19"-ийн улмаас орлого нь буурсан жижиг, бичил бизнес эрхлэгчдэд 3 дахь удаагийн санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд хоолны газар, караоке, PC тоглоомын газар ажиллуулдаг захирлууд бүгд дэмжлэг авахаар боллоо.
Энэхүү 3 дахь удаагийн дэмжлэг нь 2 дахь удаагийн санхүүгийн дэмжлэгээс 1.5 их наяд воноор нэмэгдсэн 9 их наяд 300 тэрбум вон бөгөөд нийт 5,800,000 иргэн хамрагдахаар төсөв бүрдүүлсэн байна.
Үүнд өнгөрсөн жилийн 11-р сарын 24-нөөс хойш үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогдсон фитнесс клубүүд тус бүр 3,000,000 вон, хоолны газрууд 2,000,000 воны бэлэн мөнгөний дэмжлэг авна. Мөн жилийн борлуулалт нь 400 сая воноос бага, өнгөрсөн 1 жилийн хугацаанд орлого нь буурсан бичил бизнес эрхлэгчид тус бүр 1,000,000 вон, хувиараа татвар төлөгч иргэд 1, 2 дугаар дэмжлэгт хамрагдсан бол мэдүүлэх хуудас бөглөснөөр шууд 500,000 вон, хамрагдаж чадаагүй бол тусгай шалгуурыг хангаж буй эсэхийг шалгуулаад 1,000,000 воны дэмжлэг авах юм байна.
Шаардлагатай бол 4 дэх удаагийн санхүүгийн дэмжлэгийг олгох бөгөөд ямар давхаргад хэрхэн олгох талаар сайтар судлах шаардлагатай байгааг Эдийн засгийн асуудал эрхэлсэн Шадар сайд Хун Намгий мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл үлдээх