БНХАУ болон БНГУ дипломат харилцаа тогтоолоо
БНХАУ болон Гондурас улс дипломат харилцаа тогтоосноо зарлалаа. Тодруулбал, Бүгд Найрамдах Гондурас Улсын Засгийн газар дэлхий дээр зөвхөн ганц Хятад улс байдгийг хүлээн зөвшөөрч улмаар Тайванийн эрх баригчидтай “дипломат харилцаагаа тасалсан” хэмээн мэдэгдсэний дараа БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Чинь Ган, Гондурасын Гадаад хэргийн сайд Эдуардо Рейна нар хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгдэлд гарын үсэг зуржээ.
Тус мэдэгдэлд “Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Бүгд Найрамдах Гондурас Улс нь хоёр ард түмний ашиг сонирхол, хүсэл зоригт нийцүүлэн харилцан бие биенээ хүлээн зөвшөөрч, Элчин сайдын түвшинд дипломат харилцаа тогтоохоор шийдвэрлэлээ. Энэхүү мэдэгдэлд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно” гэжээ.
Мөн бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, бие биенийхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, эрх тэгш, харилцан ашигтай, энх тайвнаар зэрэгцэн орших зарчмын үндсэн дээр хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлэхийг хоёр улсын Засгийн газар зөвшөөрч байгааг онцлрн тэмдэглэсэн байна.
Мөн “Бүгд Найрамдах Гондурас Улсын Засгийн газар энэ өдрөөс эхлэн Тайваньтай “дипломат харилцаагаа” тасалж, цаашид Тайваньтай албан ёсны харилцаа өрнүүлэхгүй байх үүрэг хүлээжээ.
Бүгд Найрамдах Гондурас Улсын Засгийн газрын энэхүү байр суурийг БНХАУ-ын Засгийн газар сайшаагаад "Нэг Хятадын зарчим бол олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт бөгөөд олон улсын харилцааны хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ гэдгийг үүнээс харж болох юм. Гондурасын сонголт нь дэлхий нийтийн ерөнхий чиг хандлага, ард түмний хүсэл эрмэлзэлд нийцсэн түүхийн зөв сонголт юм" хэмээжээ.
Одоогийн байдлаар, БНХАУ дэлхийн 182 оронтой дипломат харилцаа тогтоогоод байгаа бол Тайванийн эрх баригчд 13 улстай дипломат харилцаатай байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх