БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "Ой модны салбарын ажилтан, ажилчдын өдөр"-ийн мэндчилгээ дэвшүүллээ
Эх орныхоо ойн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх ариун үйлсэд өөрсдийн мэдлэг, ур чадвар, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ойчид та бүхэнд Ой модны салбарын ажилчдын өдрийн баярын мэнд хүргэе.
НҮБ-аас гаргасан мэдээгээр дэлхийн 1 тэрбум 600 гаруй сая хүн, тэдний дотор уугуул нутгийн хоёр мянга гаруй овог, аймаг ой модыг түшиглэн амь амьжиргаагаа залгуулж байна. Сүүлийн жилүүдэд, дэлхийн ойн нөөц багасч, ойн нөөц, баялаг доройтож байгааг эрдэмтэд тэмдэглэж байна. Ойг тогтвортой ашиглаж нөхөн сэргээснээр биологийн олон янз байдлыг хадгалан хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын зэрэгцээ ажлын байр шинээр бий болгож, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх боломжтой.
Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дунджаас хэд дахин хүчтэй явагдаж байна. Үүний улмаас байгаль, цаг агаараас ихээхэн хараат мал аж ахуй, газар тариалангийн засгийн салбар илүүтэй эрсдэл орж, гол ус хатаж ширгэх, мөнх цэвдэг, мөстөл хайлах, хөрс бэлчээр доройтон цөлжих, байгаль, цаг агаарын аюулт үзэгдлийн давтамж, хамрах хүрээ нэмэгдэж байна.
2020 оны судалгаагаар нийт газар нутгийн 76.9% буюу 120.0 сая.га талбай цөлжилт, газрын доройтолд өртөөд байна. Цөлжилт, газрын доройтлын 51% нь уур амьсгалын өөрчлөлт, 49% нь хүний хүчин зүйлийн нөлөөнөөс үүссэн байна.
“Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод ойжуулах, ойг нөхөн сэргээх, хамгаалах замаар 2030 онд ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг газар нутгийн 9 хувьд, 2050 онд 10.5 хувьд хүргэж, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, нэн хүчтэй, хүчтэй доройтолд өртсөн газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэхгүй хязгаарлах зэрэг олон зорилтыг дэвшүүлсэн.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөнд Модлог ургамлын үр, мөчрийн нөөц бүрдүүлэх, мод үржүүлгийн газрыг төрөлжүүлэн, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, Ойн хомсдол, доройтлыг бууруулан, ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх, Цөлжилт, газрын доройтлыг бууруулах, Гол мөрний урсац бүрэлдэх эх, татам, булаг шанд орчмыг ойжуулах, Агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж, эрүүл, ээлтэй амьдрах орчныг бий болгох, Авто зам, төмөр замын дагуу тэжээлийн аж ахуй бүхий хамгаалалтын ойн зурвас байгуулах, ногоон дэд бүтцийн сүлжээг бий болгох, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг цогц удирдлага, зохицуулалтын нэгдсэн бодлогоор хангах эрх зүйн орчныг бий болгох зэрэг 7 зорилтын хүрээнд боловсруулсан.
Тэрбум мод тарьж ургуулах ажлын хүрээнд ойт хээрийн шилмүүст, навчит ойн санд 430,8 сая мод, говийн бүсийн заган ойд 202,0 сая мод, голын эх, татам, нуур, цөөрмийн орчимд 54,0 сая мод, цөлжилт, газрын доройтлыг бууруулах зорилтын хүрээнд тариалангийн талбайн хөрсийг хамгаалахад 17,9 сая мод, авто болон төмөр замын хамгаалалтын зурваст 103,0 сая, төв, суурин газрын хамгаалалтын ойн зурваст 93,7 сая мод, жимс жимсгэний аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр 129,4 сая мод, хот, суурин газрын ногоон байгууламжид 143,1 сая модыг тус тус тарих урьдчилсан тооцоолол гараад байна.
2022 оны хаврын мод тарилтаар 21 аймаг, нийслэлээс 169 мянган иргэн, 6464 аж ахуйн нэгж, байгууллага оролцож 37.205 га талбайд 3.3 сая, уул уурхайн томоохон 21 аж ахуйн нэгжүүд 356 га талбайд 1.2 сая ширхэг тарьц, суулгацыг тарьсан. Улсын хэмжээнд нийт 37.861 га талбайд 4.3 сая ширхэг мод тарьж ургуулсан байна.
Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага байгуулах Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан Засгийн газрын 2022.07.10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хариуцан хэрэгжүүлэх Ойн газрыг байгуулж байна.
“Тэрбум мод’’ үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих, арчлан ургуулах чиглэлээр 1017 сургагч багш бэлтгэж, Монгол Улсын их сургуулийн Ойн аж ахуйн хоёрдогч бакалаврын хөтөлбөрийг шинээр нэвтрүүлэн 52 оюутан элсэн суралцаж байна.
Уг арга хэмжээг зохион байгуулах нийт төсөвт өртөг 9,4 их наяд тэрбум төгрөг шаардлагатай гэж урьдчилан тооцоолсон. 2022 оны улсын төсөвт 9,3 тэрбум төгрөг батлагдсан бөгөөд эхний ээлжид бүсчилсэн мод үржүүлгийн газар байгуулах, үр тарьц суулгацын нөөц бүрдүүлж эхлэх, сургагч багш нарыг бэлтгэж, хүний нөөцийг чадавхжуулах ажлуудыг хэрэгжүүлэх болно. Цаашид ойн салбарт ойрын 3 жилд 7000 гаруй мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх зайлшгүй шаардлагатай байна.
Усалгааны хэрэгцээг хангайн бүсийн ойжуулалтын ажлын тодорхой хэсгийг байгалийн хур борооны усаар шийдэх боломжтой юм. Харин говийн бүсэд зайлшгүй нэмэлт усалгааны систем шаардлагатай байна. Цаашид өмнийн говийн бүсэд гадаргын усны Хэрлэн-тооно, Орхон-Онги төслийг хэрэгжүүлж усны хангамжийг нэмэгдүүлэх боломжтой.
Ой модны салбарт дэвшүүлсэн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлж, тулгамдаж буй олон асуудлыг хамтдаа шийдвэрлэхэд ойчид та бүхний оруулах хувь нэмэр, идэвх зүтгэл онцгой үүрэгтэй. Ой модны салбарын ажилтан, ажилчдын өдрийг тохиолдуулан Та бүхэнд эрүүл энх, хөдөлмөр бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ
Сэтгэгдэл үлдээх