Болзошгүй усны осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ЦУОШГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Оюунжаргал, ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны хэлтсийн дарга Н.Сувдмаа нар мэдээлэл хийлээ.
Хурандаа Т.Баярхүү “Нийслэл хотод хэд хоног үргэлжлэн орсон борооны улмаас үерийн далан дагуу баригдсан аж ахуйн нэгж, айл өрхүүдэд учирсан хохирлыг сэргээн засах ажлыг хийж байна. Энэ хүрээнд холбогдох үнэлгээг хийж, Улсын онцгой комисст танилцуулна. Үүний дараа хохирлыг үнэлгээг авч хэлэлцэх асуудал үргэлжилнэ. Онцгой байдлын ерөнхий газраас үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч, хэрэгжүүлж байна. Харамсалтай нь он гарсаар өнөөдрийн байдлаар хоёр дүүрэг, 13 аймгийн 27 суманд усны ослын 32 удаагийн тохиолдол бүртгэгдэж, 37 хүн амь насаа алдсан бөгөөд 25 нь том хүн, 12 нь хүүхэд байна. Мөн Төв аймгийн Борнуур суманд нэг, Дорнод аймгийн Баян-Уул суманд нэг усны осол бүртгэгдэж, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Усны осол ихэвчлэн анхаарал болгоомжгүй байх, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, гарамгүй газраар гарах, хэт машин техниктээ найдаж эрсдэлтэй нөхцөл байдал руу орж байгаагаас шалтгаалан гарч байна” гэлээ.
ЦУОШГ-ын даргын албыг түр орлон гүйцэтгэгч Л.Оюунжаргал: Долдугаар сар гарснаас хойш ихэнх нутгаар хур бороо элбэгтэй өдрүүд үргэлжилж байна. Өнөөдрөөс баруун аймгуудын нутгийн баруун өмнөд талаас эхэлж ихэнх нутгаар халах төлөвтэй байна. Өчигдрийн байдлаар Баянхонгор аймгийн Шинэжинст сумд 40 градус хүрсэн. Энэ халалт говийн аймгуудын нутгаар 5-6 хоногийн хугацаанд үргэлжлэхээр байна. Зөвхөн говийн аймгуудаар үргэлжлэхгүйгээр ихэнх нутгийг хамарна. Хур тунадасны хувьд хангай, Хөвсгөлийн нутгаар 30-ний өдөр бага зэрэг бороотой. 31-ний өдөр алтай, хангайн нутгаар түр зуурын аадар бороотой. Баруун аймагт нэлээд хуурай байгаа учир баруун аймгуудаар орох бороо бага байна. Мөн наймдугаар сарын 2-ний өдөр төв, зүүн, говийн нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Их халалтын дараа орж байгаа учраас усархаг бороо орох байдал бүрдчихдэг. Өөрөөр хэлбэл, наймдугаар сарын 1,2-ны өдөр орох бороо үерийн аюултай нөхцөл дагуулж болзошгүй байгаа.
Ойрын өдрүүдэд их халалтын үзэгдэлд анхаарах хэрэгтэй. Энэ халалтын үеэр Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 24-29 градус, говийн бүсийн нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 37-42 градус, Орхон, Сэлэнгийн нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 33-38 градус дулаан байхаар байна. Говийн бүс нутгаар 40-өөд градустай нэлээд хэд хоног үргэлжилнэ гэдгийг анхааруулж байна.
ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны хэлтсийн дарга Н.Сувдмаа: “Аливаа халдварт өвчин өөрийн гэсэн онцлогтой. Манай орны халууны улирлын энэ үед гэдэсний халдварт өвчин эхэлдэг. Мөн гэнэтийн үер усны аюул, хэт халалтаас болж гэдэсний халдвар өвчин нэмэгдэх эрсдэлтэй. Тиймээс мэргэжлийн байгууллагуудаас өгч буй заавар зөвлөмжүүдийг иргэд дагаж мөрдөх шаардлагатай. Энэхүү богинохон халалтын үед баяр наадам, нэгнийдээ олноор байх үзэгдлүүд гарч байгаа учир хоолны хордлого, цусан суулгаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Үүнээс сэргийлэхийн тулд:
- Гараа тогтмол савандаж угаах
- Бага насны хүүхэд, өөрсдөдөө тавих анхаарлаа сулруулахгүй байх
- Хоол хүсний эрүүл байдлыг нягтлах
- Мэргэжлийн эрүүл мэндийн байгууллагаас зөв мэдээлэл авах хэрэгтэй
Хэт халалтын үед хоол хүнсийг сонгохдоо заавал мөрдөх ёстой таван зүйл байдаг. Үүнд:
- Тухайн хүнсний зөв бүтээгдэхүүнүүдээ сонгох,
- Зөв хэмд хадгалах
- Заавал болгож хэрэглэх
- Хоол хийхийн өмнө бохирдсон тухай бүрд угаах
- Түүхий, болгосон бүтээгдэхүүнийг тусад нь хадгалах
Мөн аялалд явах үеэрээ хурдан муудах хүнсний бүтээгдэхүүнийг авч явахгүй байх нь зөв. Аялж зугаалах үедээ ундны усны аюугүй байдлыг сайтар хангахыг эмчийн зүгээс зөвлөж байна. Хэрэв гар угаах нөхцөл бүрдэхгүй бол спирт суурьтай гар халдваргүйжүүлэгчийг хэрэглэхийг хүсье” гэлээ.
Сэтгэгдэл үлдээх