Цэс Close

Бор борхон дэлхий...

Дашбалбар гэдэг тэнгэр өөд олон хүн саравчилж, олон хүн тэмүүлж, зарим нь соронз мэт татагдаж, нөгөө зарим нь даган хуйларч, бас нэг хэсэг нь үзэн ядаж, гал шуурга шиг уран бүтээл, галт сум шиг ааш араншинд нь унаж тусаж, уухилан зугтдаг байв...ганц хүний дэргэд л тэр агуу хүн усны намуухан, өвсний номхон болдог байлаа. Алтайд очихдоо аавд минь атгуулж үлдээсэн утасны дугаараар хотод ирмэгцээ залгаснаа санаж байна. Жижигхээн цаасан дээр хар бэхээр, гараар бичээд дундуур нь нугалчихсан тэр цаасны цаана Борхүүхэн эгч байсан даа.
-Миний хань аа, Говь-Алтайгаас ирсэн хүүхэд ярьж байна гэж цааш хандан Дашбалбар багшид хэлээд, нааш хандаж зөөлөн хоолойгоор гэрээ нягт нямбай зааж өгч билээ. Хотод ирээд хоёр ч хоноогүй би эргүүлээд хэд залгасан, утсаа сахиж байгаад уйгагүй хаягаа хэлээд л...хаалга тайлж өгсөн тэр эгч, халуун цай аягалаад гарт бариулсан дулаахан эгч...гэрээр нь дүүрэн шүлэг бичдэг гэх харчуудын дундуур дагуулж, охин Мөнгөндалайнхаа хажууд суулгасан дөлгөөхөн эгч...Очирбатын Дашбалбарын олон олон шүлэгт үлдэж, олон олон бүтээлээс нь нэвт үнэртэж, мөр шад болгонд нь үг үсэг, мөч агуулга болгонд нь сэтгэл бодрол, гал ус болгонд нь зомгол, зорилго болж үлдсэн тэр эгч...Тийм л гэгээн амьдарсан даа, Бор эгч. Тэнгэрт тэнгэр болох гээд явчихжээ. Тийм гэгээхэн туяа харагдвал магад Бор эгч бодолхийлэн инээж буй нь тэр. Нэг тийм ер бусын зөөлөн дулаахан, амгалан гэгээн...хөдөлгөөн, харц, хандлага...байгалдаа ургах мод мэт, агаартаа дүүлэх шувуу мэт, усандаа шумбах загас мэт, газартаа нэвчих бороо мэт...тийм амгалан гэгээн мэдрэмжийг дандаа төрүүлдэг. Үгүй ээ, тэр өөрөө энэ бүх мэдрэмж байсан юм байна. Яруу найрагч хүний мэдрэмжийн долгионыг хажуугаас нь булаалдаад, халиртал нь цочоогоод байвал бүтээл төрөхгүй, бүр сэтгэх ч үгүй. Эсвэл бүр хадуураад, эргээ няц дарна, эрсдэлдээ хэмх гишгүүлнэ. О.Дашбалбараас ус мэт урсаж, салхи мэт шуурч, тал нутаг мэт цэлийж төрсөн шүлгүүдийн хөрс нь, агаар нь, оршихуй нь Борхүүхэн эгч байлаа. О.Дашбалбар гэдэг хүний шүлэг бүтээлүүд огтхон ч саадгүй уншигдаж, оюунд чинь шингэж байгаа бол оршихуйг нь бүтээсэн хүн энэ эмэгтэй байлаа. Тэр О.Дашбалбарын бор борхон дэлхий байлаа, бодол сэтгэлээ амраадаг газардалт нь байлаа. Эр хүний хувьд Дашбалбар найрагчид Аниманууд байсан, алийг нь ч амьддаа нуугаагүй. Хайрын шүлэг болгонд аль аль нь өртөөлдөг. Гэвч амьдралын, авъяасын, агуулга болоод амин гэрлийн Анима нь түүний бор борхон дэлхий Борхүүхэн эгч байлаа. Хамгийн сүүлд хоёрдугаар эмнэлэгт багштай уулзах гээд очиход Бор эгч угтсан, тэдний хоёулхнаа туулсан сүүлчийн мөч, хоёулхнаа үлдсэн ховор агшинтай нүүр тулсан даа. Сүүлчийн мөчүүдийн өмнө тэд маань хоёулаа л бие биенээ түшээд зогсож байсан. Тэнгэр заримдаа амсхийдэг, тэгэхдээ бор борхон дэлхийгээ л бараадан амсхийдэг юм билээ. Асч дүрэлзэж, адайрч тэрсэлдэж явдаг багшид минь амсхийх дэлхий, аргадах энгэр нь болж байсанд баярлалаа. Үлдээсэн бэлгийг чинь аваад сэтгэл нэг их хоосров, бас нэг их дүүрэв, эгч минь. Бор борхон дэлхий энэ удаа тэнгэрээ тэврэх гээд нүүчихжээ, бурхан ивээг!
Р.ЭМҮЖИН

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах