БОУАӨЯ: Гадаад томилолтод хоёр тэрбум төгрөгийн зардал гаргасан гэх мэдээлэл нь үндэслэлгүй

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас дараах мэдэгдлийг гаргав.
Тус мэдэгдэлд "БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар болон холбогдох албан тушаалтнуудын гадаад томилолтой холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллагад хандсан талаар нэр бүхий иргэд 2026 оны гуравдугаар сарын 5-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийсэнтэй холбогдуулан дараах мэдэгдлийг гаргаж байна.
Юуны өмнө нэр бүхий иргэдийн дурдсан “Гадаад томилолтод хоёр тэрбум төгрөгийн зардал гаргасан” гэх мэдээлэл нь бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй гүтгэлгийн шинжтэй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Монгол Улс 2026 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)-ыг эх орондоо зохион байгуулахаар бэлтгэл ажлын хүрээнд Талуудын 17 дугаар Бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга бөгөөд БОУАӨ-ийн Сайд Б.Батбаатар нарын албаны хүмүүс НҮБ болон холбогдох олон улсын байгууллагуудтай ажлын уулзалт, хэлэлцээ хийх зорилгоор улс орнуудад албан томилолтоор ажилласан болно.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь төрийн захиргааны төв байгууллагын хувьд Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд олон улсын хэмжээний уулзалт, гэрээ хэлэлцээрийг хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд үүнтэй холбоотой аливаа мэдээлэл нь бодит баримтад үндэслэх ёстойг онцлон тэмдэглэж байна.
Энэ мэт бодит үнэнд нийцэхгүй гүтгэлгийн чанартай мэдээлэл нь олон нийтийг төөрөгдүүлж, дэлхийн хэмжээний томоохон хурлын бэлтгэл ажил идэвхтэй өрнөж, хурал зохион байгуулагдахад 163 хоног үлдээд байгаа үед хурлын бэлтгэл ажилд саад учруулах замаар Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй байдал үүсгэж байгаад харамсаж байна.
Иймд олон нийтийг төөрөгдүүлж, байгууллагын нэр хүндэд халдсан үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тараахгүй байхыг сануулж байна" гэв.
Сэтгэгдэл үлдээх