Будлианы эзэн прокурор Ц.Насанбатыг ерөнхий прокурор Б.Жаргалсайханы байгуулсан ажлын хэсгээр хамгийн түрүүнд шалгуулъя
Будлианы эзэн прокурор Ц.Насанбатыг ерөнхий прокурор Б.Жаргалсайханы байгуулсан ажлын хэсгээр хамгийн түрүүнд шалгуулъя
Дуулиан тарьсан хэд хэдэн хэрэг дээр Нийслэлийн прокурорын газрын Орлогч прокурор Ц.Насанбатын нэр дуулдах болсон. Хуулийнхантай шоудсан, лифтэн дэх эвгүй бичлэг нь нийтэд цацагдсан өмгөөлөгч Б.Баасанцогттой Ц.Насанбат прокурор Төрийн ордонд уулзаж буй гэрэл зураг саяхан дэлгэгдлээ. “Төрийн ордны гурван давхрын зүүн талд шүүгч, прокурорууд ирж, хэнд хэдэн жилийн ял өгөх даалгавар авдаг гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ-ын чуулганы хуралдааны үеэр хэлж байсан удаатай. Гэтэл прокурор, өмгөөлөгч хоёр төрийн ордонд юуг ярилцан суусан бол.
Түүнтэй уулзаж суусан Б.Баасанцогт нь улстөрчдийг гүтгэх, шүүн таслах, хорих төлөвлөгөө, схем гаргаж байсан гэгдэж, Ерөнхийлөгч Х.Баттулга болон түүний ойр ажилладаг албан тушаалтан нартай холбоотой ажилладаг тухай яригдсан. Б.Баасанцогт, прокурор Ц.Насанбат нар нь ямар хэргээр уулзалдав. Энэ бол яалт ч үгүй анхаарал татаж байна.
Гадаад улс оронд Монголын иргэнээ шалгуулахаар матсан, бичиг цаас бариад гүйгээд байгаа хэргийн ард Ц.Насанбат прокурорын нэр дуулддаг. Тэрээр энэ талаар өөрөө ч хэвлэлд дэлгэрэнгүй ярилцлага өгч байсан. Үүнээс хэдхэн хоногийн өмнө Сү.Батболдтой холбоотой офшорын хэрэг прокурорт шалгагдаагүй гэж нийтийн өмнө хэлж байсан хүн гэнэт шал өөр юм ярьчихсан байх нь хачирхалтай. Хэвлэлд өгсөн ярилцлагадаа УИХ-ын гишүүн Сү.Батболд нарын нэр бүхий хүмүүсийг гадны орны шүүхэд шалгагдаж байгаа төдийгүй оффшорын хэрэгт холбоотой гэх маягийн юм ярьжээ.
Гэтэл УИХ-ын гишүүн Сү.Батболдын хуульч нар болох Д.Батсүх, З.Сүхбаатар нарын хэвлэлд өгсөн ярилцлагаар бол ”Ц.Насанбат прокурор тодорхой хууль тогтоомжуудыг зөрчиж, улмаар олон нийтэд гүтгэлэг бүхий мэдээллийг санаатайгаар түгээсэн” гэдгийг баримттайгаар хэлсэн байх юм.
Тодруулбал: Оффшортой холбоотой хэргийг шалгах, хуулийн хэрэгжилтэд прокурорын байгууллага бус харин АТГ хяналт тавьдаг. Прокурорын байгууллагын зүгээс гадаад улсаас нотлох баримт цуглуулах, тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх зөвхөн Эрүүгийн хэргийн тухайд л яригддаг. Эрүүгийн хэрэг үүсээгүй байхад прокурор Ц.Насанбат нь АТГ-ын нэрийг ашиглаж төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн нэрийн өмнөөс Баянзүрх дүүргийн шүүх болон гадны улс орны шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа.
Мөн Нью-Йорк, Сингапур гэх мэт гадны улсын шүүхэд Ц.Насанбатын олгосон зөвшөөрлөөр нэхэмжлэл үүссэн. Ямар завтай, яасан их улстөржсөн прокурор гэхээрээ хууль, ёс зүй, тангаргаа зөрчин ийм үйлдэл хийдэг байна.
Иргэний хэрэг, маргааны үйл баримттай холбоотой асуудлаар Баянзүрх дүүргийн шүүх дээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй нөхцөлд төрийг төлөөлөн оролцож байгаа хэргийн тал болох прокурор гадаад улсад бие даан ажиллагаа явуулах эрх хуулиараа хэнбугайд ч байхгүй. Тэр тусмаа Ц.Насанбат прокурор Монгол Улсын нэрийн өмнөөс гадаад улсын шүүхэд нэхэмжлэл гаргах, гадаад улсын хувийн байгууллага, иргэнд олгох хууль зүйн эрхгүй. Хуулиар олгогдоогүй хэмжээгүй их эрхийг хэний хатгаасаар, хэний мөнгийг гадны байгууллагуудад төлж байна вэ гэдэг анхаарал татна.
“King and Spalding” ХХН-ийн хуулийн фирмийн гадаад улсын шүүхэд гаргаж байгаа мэдээлэл, тэдгээрт хамаарах баримтуудыг цуглуулах ажиллагааг манай прокурорын байгууллага гадаадын хувийн мөрдөх байгууллагаар хийлгэсэн. Хэрвээ Монгол Улсын Прокурорын байгууллага өөрийн улсын иргэнийг гадаадын хувийн мөрдөх байгууллага хөлслөн мөрдүүлсэн нь тогтоогдвол Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын хүний эрхийн баримт бичгүүдэд заасан хүний эрхийн ноцтой зөрчилд тооцогдоно.
Юутай ч Сү.Батболдод холбоотой Баянзүрх дүүргийн шүүхэд гарган өгсөн баримттай холбогдогч тал болох өмгөөлөгч нарын “Маш нууц” тамга Ц.Насанбат прокурор дарснаар үзэх, танилцах боломжийг олгоогүй гэнэ. Нью-Йоркийн шүүхийн хэрэг Монголын талаас анх Нью-Йоркийн шүүхэд гомдол гаргахдаа БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэс болгожээ. БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Маш нууц тамгатай Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбат нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлд нэхэмжлэгч талууд гэдэгт Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, “Эрдэнэт” ТӨХК, “Эрдэнэс Оюу толгой” компани, Хариуцагч талууд Сүхбаатарын Батболд гэсэн байх бөгөөд уг захирамж нь Шүүхийн мэдээллийн санд ороогүй хуурамч эсэх нь тодорхойгүй байна.
Уг хэрэгт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-аас өөрсдийгөө төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхийг Ц.Насанбат прокурорт олгосон итгэмжлэл, төрийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах хүсэлтийг Нийслэлийн прокурорт гаргасан гэх баримт байгаагүй гэнэ. Энэ нь Ц.Насанбат прокурор дээрх 3 байгууллагын нэрийг барьж яваа юу гэх асуултад хүргэж байна. Баянзүрх дүүргийн шүүхэд төдийгүй Нью-Йорк, Сингапур гэх мэт гадны улс орны шүүхэд ч бас Ц.Насанбат дээрх нэр бүхий байгууллагуудыг нэхэмжлэгч тал гэж нэр барьж яваа юу гэдэг нь тодорхойгүй. Юутай ч “ТӨБЗГ, Эрдэнэт үйлдвэр, Оюу толгой ХК-иас УИХ-ын гишүүн С.Батболдтой холбоотойгоор ямар нэгэн гомдол гаргаагүй гэсэн баримт бий.
Одоо Ц.Насанбат прокуророос болж гадны шүүхийн маргаанд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Оюу толгой” байгууллагад хохирол учирч болохоор эрсдэл үүссэн гэх мэдээлэл гарч байна.
Энэ нь Нью-Йоркийн болон Сингапурын Дээд шүүхийн маргаанд Нийслэлийн Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат тэргүүтэй прокурорын байгууллага төрийн нэр бүхий байгууллагуудын өмнөөс нэхэмжлэгчээр оролцож буйтай холбоотой. Шүүхийн процессын явцад зарга, гомдлыг хянан хэлэлцэх хүрээндээ гадаад улсын, гадны иргэдийн өмч хөрөнгийг царцаах буюу эл хэрэг шалгагдаж дуустал хөдөлгөөн хийхийг түр хориглосон шийдвэр гаргасан нь эрсдэл үүсгэх нөхцлийг бий болгожээ.
Аливаа улсад шүүхээс гарах шийдвэрийн баталгаа болгож, хариуцагч этгээдүүдийн хөрөнгийг битүүмжлэх, тодорхой үйл ажиллагаа явуулах, шийдвэр гаргах эрхийг хязгаарлах арга хэмжээ авдаг.
Ийм арга хэмжээ авахдаа тухайн арга хэмжээг авсны улмаас бусдад учрах хохирол, зардлыг хүсэлт гаргасан этгээд хариуцахыг урьдчилан сануулдаг. Нэхэмжлэгч талын хүсэлтээр бусдын хөрөнгийг царцаах шийдвэрийг гадны шүүхээс гаргахдаа “Хэрвээ шүүхийн явцад бусдын хөрөнгийг царцаасны улмаас хохирол учирвал нэхэмжлэгч тал төлнө” утга бүхий баталгаат гарын үсэг зуруулдаг.
Иймд Сингапурын шүүхэд болон бусад орны шүүхэд нэхэмжлэгч талыг төлөөлж буй Ц.Насанбат прокурорын гарган өгсөн баталгаагаар хөрөнгө битүүмжлэх арга хэмжээ авагдсан гэсэн үг.
Ц.Насанбат прокурорын хийсэн будлианаар бол учруулсан хохирлыг Нэхэмжлэгч талуудын нэрийн өмнөөс харилцан арилгах үүрэг хүлээх баталгаа гаргах эрхийг олгосон учраас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-иуд уг хариуцлагыг хүлээхийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг болж таарна. Тэгэхээр гадаад улсын, гадны иргэдийн өмч хөрөнгийг царцаасан, түүнтэй холбогдох учруулсан хохирол эргээд нэхэмжлэгдэх бол дээрх байгууллагууд учруулсан хохирлыг барагдуулна. Ийм эрсдэл үүсч болзошгүй байгаа учир нь гадаад улсын шүүхэд битүүмжлэгдээд байгаа хөрөнгөд Сү.Батболд хамааралгүй, тэдгээр хөрөнгүүд нь бүгд гадаад улсын иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны өмчлөлийн эд хөрөнгүүд байгаа гэх.
Дуулиан болоод буй гадны шүүхийн Сү.Батболд нартай холбогдох гадаад, дотоодын хэрэг дээр нэхэмжлэгч талаар Ц.Насанбат гарын үсэг зурж голлон яваа нь тодорхой болж байна. АТГ-аас Сү.Батболдыг шалгаагүй байгаа юм байна.
Аливаа гүтгэлэг бодитой болсон үйл явдал, баримтуудыг мушгин гуйвуулах аргаар хийгддэг. Үүний л нэг сонгодог жишээ Сү.Батболд руу чиглэсэн зохион байгуулалттай, ээлжит дайралт, гүтгэлэг болж байна.
Сүүлийн үед "хонгилддог” прокурор, хууль хяналтынхны тухай дуулдах боллоо. Энэ том сүлжээний сэжмийн хэсэг нь Ц.Насанбат прокурор уу.
Дашрамд дурдахад өмнө нь Сү.Батболдыг Нью-Йоркийн шүүхээс шалгуулах гэхэд Нью-Йоркийн шүүхээс энэ хэргийг авч хэлэлцэх үндэслэлгүй гэж хаажээ. Одоо Сингапурын шүүх дээр Монголын улстөрчид дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх К-2 хувийн мөрдөх товчооны мэдээллээр шалгаж байгаа.
НП-ын орлогч прокурор Ц.Насанбат Эрэлийн Б.Эрдэнэбатын хэрэг дээр оролцсон гэж дуулдаж эхэллээ. “Ариг”-ийн хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэбат, Ш.Баярсайхан нарын маргаан хэдэн жилийн өмнөөс эхэлсэн байдаг. Тодруулбал, Б.Эрдэнэбат нь банкны активыг нэмэгдүүлэлгүйгээр өөрийн хамаарал бүхий иргэдэд “Ариг” банкнаас 8 орчим тэрбум төгрөгийн чанаргүй зээл олгосон гэх хэргээр ЭЦА-нд шалгагдаад, тэр нь шүүхэд очсон. Өмгөөлөгч Б.Баасанцогт дээрх үйл ажиллагааны өмгөөлөл, шүүхийн асуудлыг зохицуулсан байж болзошгүй гэж байна.
Б.Баасанцогт нь хууль, шүүхийн байгууллагын олон хүнтэй ойр. Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбаттай өнгөрсөн хоёрдугаар сарын 8-ны өдөр “UB Mart”-ын хойно “Мазаалай арт галерей”-ийн нэгдүгээр давхрын кофе шоп-д өглөөний хоол идсэн гэх мэдээлэл хэвлэлээр гарсан.
Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат олны анхаарал татсан хэргүүдтэй холбогддог талаар дээр дурдсан. Тэрээр Баянхонгороос сонгогдож гарч ирсэн УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд холбогдох хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа хэмээн прокурорын ээлжит мэдээллийнхээ үеэр хэлж байсан бол энэ хэрэг саяхан хаагдсан. А.Адъяасүрэн нь гишүүн болохоосоо өмнө нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын нэр бүхий албан тушаалтанд 100 мянган ам долларын авлига өгсөн гэх хэргээр АТГ-т шалгагдаж байсан. Улмаар хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, харьяаллын дагуу Нийслэлийн прокурорын газарт хэргийг шилжүүлсэн боловч хэргийг прокуророос яагаад хаах болов гэх яриа гарсан.
Монгол Улсын Засгийн газар, нэр бүхий төрийн байгууллагуудын нэрийг барьж төрийн байгууллагаас гадны хууль, шүүхэд хандсан мэтээр иргэдийг төөрөгдүүлсэн нь Монгол Улсын төрийн байгууллага, нэр хүндийг хууль бус үйл ажиллагаа, гүтгэлэгтээ татан оролцуулсан нь ноцтой үйлдэл юм.
Энэ бүх хэрэгт хутгалдсан, ашиг сонирхлын зөрчил ихтэй байж болзошүй Ц.Насанбат прокурор саяхан ерөнхий прокурор Б.Жаргалсайханы зарлан байгуулсан хууль бус хуулийн ажилтнуудыг шалгах Ажлын хэсгийн шалгалтаар зайлшгүй оруулж шалгуулах ёстой болжээ.
ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл үлдээх