Булган аймгийн Хөгжимт драмын театрыг найруулагч Н.Наранбаатарын нэрэмжит болголоо
Булган аймгийн ИТХ-ын ээлжит XVI хуралдааны шийдвэрээр Хөгжимт жүжгийн театраа Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, орчин цагийн театрын урлагийн нэрт зүтгэлтэн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул Намнангийн Наранбаатарын нэрэмжит болгож тогтоолыг ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат өчигдөр гардуулан өгчээ.
Н.Наранбаатар нь Үндэсний болон сонгодог, орчин үеийн 50 гаруй жүжиг, 20 гаруй концерт, уран бүтээлийн тайлан тоглолтуудыг найруулж, 10 гаруй Олон улсын наадамд оролцон, 20 гаруй жүжгийн гол ба туслах дүрүүдийг бүтээн, Монгол Улсын төрийн наадмын нээлт, хаалтын 4 үйл ажиллагаа, 5 ойг найруулж, дэлгэцийн 10 гаруй бүтээлийг үзэгч түмний хүртээл болгосон билээ.
Мөн Монголын тайз, дэлгэцийн мэргэжлийн боловсон хүчний нөөц бэлтгэх ажилд өөрийн хувь нэмрээ оруулж, СУИС-ийн Театрын урлагийн сургуульд мастер багш, зөвлөх профессороор ажиллаж 100 гаруй мэргэжлийн жүжигчдийг бэлтгэн төгсгөсөн. 2013 онд Монгол Улсын Төрийн шагнал, 2021 онд Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэн юм.
Сэтгэгдэл үлдээх