Цэс Close

Бусдын ачааг гаалиар шуурхай нэвтрүүлж, 10 сая төгрөг авсан ажилтны хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага 2026 оны гуравдугаар сарын 02-ны өдрөөс 06-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 48.426 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Дээрх хугацаанд 1.091 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 767 хэрэг шинээр нээж, 256 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 99, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 66, Өмчлөх эрхийн эсрэг 64, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 9, Хүний амьд явах эрхийн эсрэг 6, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг 4, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг тус бүр 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн авлигын гэмт хэргийг дурдвал:

- Г.А нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдын ачаа барааг гаалиар хурдан шуурхай нэвтрүүлэх хууль бус үүрэг чиглэл өгч, бусдад давуу байдал бий болгосныхоо хариуд бусдаас 10,0 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар, Т.Н нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

Эх сурвалж: УЕПГ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах