Б.Жавхлан: Төсвийн төсөлд өөрчлөлт орж буй хэдий ч бид хөгжлийн томоохон зорилтуудаа хэрэгжүүлнэ
Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяад 2024 оны арванхоёрдугаар сарын 04-ны Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслүүдийг яаралтай хэлэлцүүлэхээр Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал нар өргөн барилаа.
Сангийн сайд Б.Жавхлан, Засгийн газар Улсын Их Хурлаас өгсөн чиглэлийн дагуу Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд тусгасан шинэ цаглаврын дагуу хуулийн төслүүдийг өргөн барьж байна хэмээгээд төсвийн төсөлд өөрчлөлт орж буй хэдий ч бид хөгжлийн томоохон зорилтуудаа хэрэгжүүлнэ гээд төсвийн төсөлд нэгдсэн төсвийн нийт орлогыг төсвийн хөрөнгө оруулалт, зарлагын бууралттай холбогдуулан 394.7 тэрбум төгрөгөөр буурахаар тооцсон. Ингэснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй болж, суурь тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 3.5 хувийн ашигтай болохоор байна гэв.
Төсвийн төсөлд урсгал зардлыг бууруулахад дараах зарчмуудыг баримтлав
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн халамжийн сангаас олгох хүүхдийн мөнгөн тэтгэмж, халамжийн тэтгэвэр, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, асаргааны тэтгэмж, түүнчлэн төрийн албан хаагчийн цалин хөлс болон тэтгэвэрт гарахад нэг удаа олгох тэтгэмж, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжийн зардал, зээлийн үйлчилгээний төлбөр, мөн хуульд заасны дагуу Улсын Их Хурлын Хууль зүйн Байнгын хорооноос төсвийг нь хянаж жилийн төсөвт тусгуулахаар ирүүлсэн төрийн тусгай байгууллагуудын урсгал зардлыг тус тус бууруулахгүй;
- Төсөвт байгууллагын үйл ажиллагааны зарим зардлыг дараах байдлаар 10-100 хувь бууруулна:
- төсөвт байгууллагуудын тавилга, эд хогшил худалдан авах, сургалт, семинар, хурал зөвлөгөөн хийх, биеийн тамирын уралдаан тэмцээн зохион байгуулах, гэрээт ажилтан ажиллуулах, дуудлагын автомашин хөлслөх, зөвлөл, хороо, комиссын гишүүнд ажлын хөлс, урамшуулал олгох зардлыг 100 хувь бууруулах;
- соёлын эрхийн бичиг, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, Кино урлагийг дэмжих сан, засаг захиргааны нэгж, төрийн захиргааны байгууллагыг үр дүнгээр шагнах, урамшуулах, эрүүл мэндийн сургалт сурталчилгаа хийх зардлыг 100 хувь бууруулах;
- эрүүл мэнд болон тусгай чиг үүргийн байгууллагаас бусад бүх байгууллагын тээвэр шатахууны зардал, төрийн өндөр дээд түвшний айлчлал, өндөр түвшний зочин төлөөлөгч хүлээн авах зардлаас бусад гадаад албан томилолт болон зочин төлөөлөгч хүлээн авах зардал, эрүүл мэнд, боловсрол, батлан хамгаалах, хууль зүй, дотоод хэргийн салбараас бусад салбарын дадлага, бэлтгэл сургуулилт хийх зардал, бүх шатны төсвийн байгууллагын дотоод албан томилолт, бичиг хэргийн зардал, багаж техник хэрэгсэл худалдан авах зардлыг тус тус 50 хувиар бууруулах;
- дээр дурдсан 50-100 хувь бууруулах зардлуудаас гадна байр ашиглалттай холбоотой тогтмол зардал, хангамж, бараа материал, шуудан холбоо, эм бэлдмэл, нормын хувцас, хоол, урсгал засвар, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад олгох татаас, шилжүүлэг, эргэж төлөгдөх зээл, бараа үйлчилгээний бусад зардал, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх арга хэмжээ, боловсролын тэтгэлэг, авто зам, гүүрэн байгууламжийн засвар ашиглалт, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг 10 хувиар бууруулах зэрэг болно.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжүүлэхээр тусгагдсан төсөл, арга хэмжээнээс гэрээ байгуулсан, ажлыг эхлүүлсэн төслүүдийг дуусгах, гэрээ байгуулаагүй, ажил эхлээгүй улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эрэмбэлж, хойшлуулах юм. Мөн зарим их засвар, ТЭЗҮ, зураг төсөв, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг бууруулах, хэлэлцээрийн шатанд байгаа төслийг хойшлуулахаар тусгасан байна. Харин Хавдар судлалын Үндэсний төв-II барилгын хөрөнгийг нэмж тусгажээ.
Сэтгэгдэл үлдээх