Цэс Close

Б.Лхагвасүрэн: Инфляци 8.1 хувь болcон нь цахилгааны үнийн өсөлттэй холбоотой

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо арванхоёрдугаар сарын 12, 13-ны өдрүүдэд хуралдсан бөгөөд энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр, Энэ удаагийн ээлжит хурлаар бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах, банкны төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 1 нэгж хувиар тус тус нэмэгдүүлэх шийдвэрийг гаргалаа. Энэхүү бодлогын шийдвэрийг гаргахад эдийн засгийн гадаад, дотоод орчны нөхцөл байдал, ирээдүйн төлөвийг харгалзан үзлээ.

  • АНУ, Европ, Англи зэрэг томоохон эдийн засгуудад мөнгөний бодлого энэ онд зөөлрөх чиглэлд өөрчлөгдөж байгаа нь глобал эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлж байна. Гэхдээ геополитикийн хурцадмал байдлыг дагасан гадаад орчны тодорхой бус байдал өндөр хэвээр байна.
  • БНХАУ-ын эдийн засгийн төлөвийн талаарх шинжээчдийн хүлээлт өөдрөг биш байгаа нь гадаад эрэлт, нүүрсний экспортын үнэ буурч болзошгүй гэсэн болгоомжлолыг нэмэгдүүлж байна.

Жилийн инфляци 2024 оны 1аравдугаар сард 7.0 хувьтай байсан бол 11 дүгээр сард улсын хэмжээнд 8.1 хувь болж өслөө.

  • Энэхүү өсөлт нь цахилгааны үнийн өсөлттэй холбоотой бөгөөд цахилгааны үнэ 10 дугаар сард жилийн инфляцийн 0.6 нэгж хувийг бүрдүүлж байсан бол арваннэгдүгээр сард 1.9 нэгж хувийг бүрдүүлж байна.
  • Цахилгааны үнийн өсөлтөөс гадна дотоод эрэлт, цалингийн өсөлтийн нөлөөгөөр үйлчилгээ, түрээс, импортын барааны үнэ хүлээлтээс өндрөөр өссөн нь сүүлийн саруудад инфляци нэмэгдэхэд нөлөөллөө.
  • Цаашид төрийн зохицуулалттай үйлчилгээний үнийн өсөлтийн дам нөлөө, төсвийн тэлэлт, дотоод эрэлтийн идэвхжлийг даган эрэлтийн шалтгаантай үнийн дарамт нэмэгдэхээр байна.

Эдийн засгийн өсөлт энэ оны 3-р улиралд хүлээлтээс бага буюу 3.9 хувь, эхний 3 улирлын байдлаар 5.0 хувьтай гарлаа.

  • Өсөлт ийнхүү удаашрахад зэс, алтны олборлолт хүлээлтээс бага гарсан нь голлон нөлөөлөв.
  • Өрхийн болон төрийн байгууллагын хэрэглээ нэмэгдэж, өсөлтийг тэтгэсэн хэвээр байна. Харин хэрэглээ, хөрөнгө оруулалтын импорт эрчтэй өссөн нь өсөлтийг сааруулах нөлөө үзүүлж байна.
  • Уул уурхай, барилга, боловсруулах салбарын үйлдвэрлэл өмнөхөөс саарч байгааг харгалзан энэ оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 5.2 хувь болгон бага зэрэг буурууллаа.
  • Ирэх онд төсвийн төлөв сулрах, Оюу толгойн зэсийн үйлдвэрлэл эрчимжих, зудын нөлөө арилах зэргээс шалтгаалан эдийн засгийн өсөлт эрчимжиж, 7-8 хувьтай байхаар байна.
  • Түүнчлэн, мега төслүүдийг хэрэгжүүлэхдээ оновчтой эрэмбэлж, эдийн засгийн потенциалтай уялдуулан, санхүүжилтийн эх үүсвэрийг гадаад эх үүсвэрээр хэрэгжүүлэх нь макро тогтвортой байдлыг хадгалахад чухал байна.

Гадаад эрэлт энэ онд таатай хэвээр байж, зээлжих зэрэглэл сайжирч, гадаад зах зээл дээр хүү буурч байгаа зэрэг нь валютын орох урсгалыг дэмжиж, улмаар төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байх гол нөхцөлийг бүрдүүлж байна.

  • Гэхдээ эдийн засгийн идэвхжил, төсвийн зардлын өсөлтөөс шалтгаалан импортын өсөлт эрчимжиж байна. Энэ нь валютын гадагшлах урсгалыг эрчтэй нэмэгдүүлж байна.
  • Цаашид дэлхийн зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнэ, худалдааны түнш орнуудын эдийн засгийн нөхцөл байдлаас гадаад эрэлт ихээхэн хамаарна. Төсвийн төлөв, Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй мега төслүүд хэрхэн санхүүжих нь төлбөрийн тэнцэл тэнцэл, гадаад валютын албан нөөцийн цаашдын төлөвийг тодорхойлохоор байна.

Инфляц ирэх онд зорилтот түвшнээс бага зэрэг давахаар байгаа хэдий ч, 2026 оны эхнээс зорилтын орчимд тогтворжихоор байна. Иймд зээл, санхүүжилтийн нөхцөлийг хэт хатууруулахгүй байж, дунд хугацаанд тогтвортой өсөлтийг хадгалах зорилгоор Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос бодлогын хүүг 10 нэгж хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.

Банкны салбарын зээлийн өсөлт эрчимжсэн хэвээр байгаа нь хэрэглээний импорт, дотоод эрэлтийг өдөөх, цаашлаад санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдахад хүргэж болзошгүй байна. Иймд Мөнгөний бодлогын хороо зээлийн хэт өсөлтөөс сэргийлж, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах зорилгоор банкнуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 1 нэгж хувиар тус тус нэмэгдүүлж, харгалзан 11 хувь болон 16 хувьд хүргэхээр шийдвэрлэв.

Эдгээр багц бодлогын шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилттой нийцтэй болно.

Монголбанкны зүгээс эдийн засгийн сэргэлт, инфляцын төлөв, нийлүүлэлтийн хүчин зүйлс, олон улсад бий болж буй өөрчлөлтүүдтэй уялдуулан мөнгөний бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ гэсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах