Цэс Close

Б.Мөнхбаатар: Төр, хувийн хэвшил хамтран энэ хэцүү цаг үеийг давж гарахын тулд хамтдаа хичээцгээе

Ковидын халдвар ихэсч байгаа энэ цаг үед үйлдвэрүүд хэрхэн ажиллаж байгаа, цар тахлын халдвар хамгааллыг хэрхэн сахиж үйл ажиллагаа явуулж байгаатай танилцаж, зөвлөгөө зөвлөмж өгч, зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулах зорилго бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатараар ахлуулж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн ерөнхий газар, Дотоод хэргийн их сургуулиас ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаж, 30 гаруй үйлдвэрээр явж үйл ажиллагаатай нь танилцах юм.

Өнөөдөр Үндэсний үйлдвэрлэгч “Өгөөж-чихэр боов” ХХК, талх нарийн боовны“Жинтуул” ХХК, цэвэр ус үйлдвэрлэгч “Азийн их хүлэг” ХХК-ийн Ариг ус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Үндэсний томоохон үйлдвэрлэгч “Өгөөж чихэр боов” үйлдвэр ажилчдаа хоёр ээлжээр ажиллуулж байгаа бөгөөд өдрийн гурван удаа халууныг нь хэмжиж, ажиллагсдадаа байнгын зөвлөгөө зөвлөмжийг өгч ажиллаж байна. Сэжигтэй тохиолдол гарвал тусгаарлах өрөөг бэлтгэжээ. Сайшаалтай нь сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй өнөөдрийг хүртэл хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа аж. Түүнчлэн цар тахал гарснаас хойш ажлын ачаалал нь 2-3 дахин ихэссэн гэдгээ ч учирлалаа.“Жинтуул” компанийн хувьд 100 гаруй ажиллагсадтай. Халдвар хамгаалалтын дэглэмийг сахиулж хоёр ээлжээр ажиллуулж байгаа гэлээ. Үйлдвэрийн хашаа руу орсон машиныг ариутгаж, ажилтнуудаа өдөрт 2-3 удаа халууныг нь хэмжиж нэвтрүүлдэг байна.

Томоохон үйлдвэрийг бодвол хүний оролцоотой механик ажиллагаа ихтэй учраас халдвар, хамгааллын дэглэмийг өмнөхөөсөө өндөр хэмжээнд сахиулах шаардлага тулгарсныг үйлдвэр эрхлэгчид ярьж байлаа. Ариг ус үйлдвэр 12 ажилтантай. Мөн ээлжээр ажиллуулж байна. Байнгын халууныг нь хэмжих, гарын ариутгал, ажлын байрны тогтмол ариутгалыг хийж үйл ажиллагаагаа явуулж байна.БХБ-ын сайд Б.Мөнхбаатар үйлдвэрлэл эрхлэгчдэд хандаж “Төр, хувийн хэвшилтэйгээ хамтран энэ хэцүү цаг үеийг давж гарахын тулд хамтдаа хичээцгээе. Бид та бүхний ажлыг хянаж, шалгах гэхээсээ илүүтэйгээр та бүхний ажил хэрхэн явагдаж байна.

Жаргал зовлон нь хаанаа байна гэдгийг мэдэхийг зорилоо. Хүнсний үйлдвэрлэл чухал салбар. Энэ хэцүү цаг үед та бүхэн л ард иргэдэд хүнсээ түгээнэ. Тиймээс эрүүл мэндээ бодож, халдвар хамгааллынхаа дэглэмийг сайн сахиж, улам амжилт гаргахыг хүсье” хэмээлээ.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн дээрх үйлдвэрүүдийг “Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссоос гарсан зөвлөгөө зөвлөмжийг үйл ажиллагаандаа маш сайн нэвтрүүлж ажиллаж байгааг онцоллоо.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах