Б.Энхбаяр: Би дэд сайд байхдаа Хөгжлийн банкны шалгалтын дүнгийн асуудлаар Засгийн газарт гурван удаа танилцуулга хийсэн
УИХ-аас байгуулагдсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр эхэллээ. Эхний өдөр Хөгжлийн банкны хянан шалгах эрх бүхий байгууллагуудын шалгалтын тайлан, тэдгээрийн зөвлөмжийн үр дүнг сонсож байна. 2016 онд анх Хөгжлийн банканд тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг шалгалт хийж байсан юм. Гэвч шалгалтын дүнг албаар нууцалсан гэсэн шүүмжлэл гарсан юм.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр үүнтэй холбогдуулан сонсголд гэрчийн байр суурьнаас оролцож мэдээлэл өглөө. Тэрээр "Миний хувьд 2016 оны наймдугаар сарын 8-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилогдож ажилласан. Томилогдсоноос хойш хоёр хоногийн дараа Хөгжлийн банкны асуудлыг шалгах ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон. Шалгалтын ажлыг 21 хоногийн хугацаанд хийж, Засгийн газарт танилцуулах удирдамж батлагдсан. Тус ажлын хэсэгт Монголбанк, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас төлөөллөөс бүрдсэн 24 хүний бүрэлдэхүүн багтсан. Тухайн үеийн шалгалтын дүнгийн асуудлаар Засгийн газарт гурван удаа танилцуулга хийсэн. Засгийн газрын хуралдаанд ажлын хэсгийн тайланг танилцуулахад хаалттай байдлаар сонсох шийдвэрийг тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнбат гаргасан. 2016 оны есдүгээр сард тухайн үеийн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар АНУ-д ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт Монгол Улс орох хэлэлцээр байгуулахаар ажиллаж байлаа. Ажлын хэсгийн шалгалтаар Хөгжлийн банкны 43 арга хэмжээний 1.3 их наяд төгрөгийн зөрчил илрүүлсэн. Хууль хяналтын байгууллагад шилжүүлэх ёстой материалыг хүргүүлсэн. Одоогоор уг асуудлаар хуулийн байгууллагаар орж, хариуцлага хүлээсэн хүн бараг байхгүй. Ганц хариуцлага хүлээсэн хүн нь Эрчим хүчний сайд асан М.Сономпил. Хөгжлийн банкны санхүүжилттэй "Амгалан" дулааны цахилгаан станцын өргөтгөлийн төслөөс авлигал авсан асуудлаар шүүхээс ял сонссон" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх