Ван И: "Хятадын заналхийллийн онол” гэгчийг хөөргөдөж, Хятадын эсрэг тавьсан хууль бус ганц талын хоригоо цуцлахыг хүсье

ХКН-ын Төв хорооны Гадаад хэргийн хорооны ажлын албаны дарга Ван И, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй өнөөдөр Бээжинд уулзлаа.
Уулзалтын үеэр Ван И хэлэхдээ, Ноён Төрийн нарийн бичгийн дарга таны энэ удаагийн айлчлал Хятад, Америкийн харилцааны эгзэгтэй үед тохиож байгаа тул яриа хэлэлцээ, сөргөлдөөн, хамтын ажиллагаа, зөрчилдөөний аль нэгийг сонгох шаардлагатай байна. Түүх урагшилж байна, Хятад Америкийн харилцаа ч эцэстээ урагшлах ёстой. Түүхийн хүрдийг буцаах арга байхгүй хойно гарах зам, гарц хайхаас аргагүй гэжээ.
Хоёр орны харилцаан дахь ээдрээ нь Хятадын талаарх Америкийн буруу ойлголтоос үүдэлтэй. Хятад-Америкийн харилцаа цаг үеийн давлагааг туулж ирсэн тул АНУ гүнзгий тунгааж, Хятадтай хамтдаа санал зөрөлдөөнөө эв зүйгээр зохицуулж, стратегийн гэнэтийн зүйлээс зайлсхийх хэрэгтэй. Хятад, Америкийн харилцааны тогтвортой байдлыг сэргээж, хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтыг тууштай хэрэгжүүлэх нь юуны өмнө тавигдаж буй тулгамдсан асуудал болоод байна гэж Ван И онцоллоо.
Тэрбээр мөн "Хятадын заналхийллийн онол” гэгчийг хөөргөдөж, Хятадын эсрэг тавьсан хууль бус ганц талын хоригоо цуцалж, Хятадын технологийн хөгжлийг дарахаа зогсоож, Хятадын дотоод хэрэгт хөдлөнгөөс оролцохгүй байхыг Америкийн талаас мөн хүсжээ. Тэрээр Тайваний асуудлын мөн чанарыг тодорхойлоод, үндэсний эв нэгдлээ хамгаалах нь Хятадын язгуур ашиг сонирхлын гол цөм гэдгийг онцолж, энэ асуудлаар буулт хийх орон зай Хятадад байхгүй. Америкийн тал Хятад Америкийн хамтарсан гурван албан мэдэгдэлд заасан “Нэг Хятад”-ын зарчмыг үнэнхүү баримталж, Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, "Тайванийн тусгаар тогтнолыг" эрс эсэргүүцэх ёстой гэдгийг онцолжээ.
Харин АНУ-ын байр суурийг танилцуулж Энтони Блинкен хэлэхдээ, Хоёр орны төрийн тэргүүний Бали аралд тогтоосон мөрийн хөтөлбөртөө эргэн орохыг Америк эрмэлзэж, Хятад улстай харилцаа холбоогоо эрчимжүүлж, санал зөрөлдөөнөө арилгаж, хоёр талын харилцан сонирхсон чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна гэжээ.
Сэтгэгдэл үлдээх