Цэс Close

“ Виртуал орчинд ажиллах нь” сэдвээр төрийн албан хаагчид цахим сургалтад хамрагдав

Технологи болон өгөгдөл ашиглаж аналитик сэтгэлгээгээгээр хандах чиглэлээр төрийн  албан хаагчдын соёл, ур чадварыг өөрчлөх,  ёс зүй, харилцаа хандлагын талаар цахим сургалтуудыг 7 хоног бүрийн пүрэв гараг бүр Төрийн албаны зөвлөлөөс тогтмол зохион байгуулж байгаа билээ.

Өнөөдрийн сургалтад Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, Ажлын албаны албан хаагчид, Төрийн албаны зөвлөлийн яам, агентлаг, аймаг, нийслэл дэх салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, Аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга, Сум, дүүргүүдийн ЗДТГ-ын дарга, Захиргаа, удирдлагын газар (хэлтэс) зэрэг 500 байгууллагын албан хаагч цахимаар оролцлоо.

Энэ удаагийн сургалтад “Орчин үеийн техник, технологийн чиг хандлага: Виртуал орчинд ажиллах нь” сэдвээр Монгол Улсын Их Сургуулийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн багш, Доктор, профессор А.Энхбаяр оролцож мэдээлэл өглөө.

 Аж үйлдвэрийн IV хувьсгалын үр дүн болох хийсвэрлэсэн бодит байдал (VR), баяжуулсан бодит байдал (AR), холимог бодит байдал (MR) зэрэг технологиуд, дэлхийн өнөөгийн хөгжил, ирээдүйн чиг хандлага, түүнийг практикт хэрхэн хэрэглэж буй талаар танилцуулахын зэрэгцээ виртуал сургууль, виртуал аялал жуулчлалыг хөгжүүлэх төслүүдийн талаар дурдлаа.

Технологийн хувьсгал инновацийг үүсгэж,  инноваци шингэсэн дижитал шилжилт нь үйл ажиллагааг амжилтад хүрэх хурдасгуур болсон.

Цахимжуулалтаас дижиталд шилжиж буй мэдээллийн технологийн хувьсгал нь танхимын сургалтаас эхлээд аялал жуулчлал, хурал уулзалт, лабораторийн туршилт болон цэргийн бэлтгэлийг ч виртуал орчинд хийх боломжийг бүрдүүлж цаг хугацаа болон төсөв хэмнэдэг. Технологи ашиглаагүй үйл ажиллагаа мөхөж, технологи нь төр болон хувийн хэвшлийн үйл ажиллагааны  хөдөлгөгч хүч  болсныг онцоллоо.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах