Цэс Close

Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах хууль тогтоомжийн давхардал, зөрчлийг арилгана

Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны захирамжаар байгуулагдсан “Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлаар санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд төрийн үйлчилгээ авах, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж буй асуудлаар тус ажлын хэсгээс гаргасан дүгнэлтэд,

  • Хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох (Хөрөнгө оруулалтын босго үнэ өндөр, Гадаадын хөрөнгө оруулалтай хуулийн этгээдийн эцсийн өмчлөлийг тогтоож бүртгэхэд хүндрэлтэй, нотлох баримтын үнэн зөвийг шалгах боломжгүй байдаг)
  • Шийдвэр, тогтоол бусад бичиг баримт нь гадаад улсаас баталгаажиж ирэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан 15 хоногийн хугацаа хэтэрсэн байдаг
  • “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг үнэлэх, тооцох, тусгай зөвшөөрөл шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах аргачлал” ойлгомжгүй
  • Гомдол, маргаан шийдвэрлэлт удаашралтай, хугацаандаа шийдвэрлэгддэггүй, тодорхой хариу өгдөггүй
  • Иргэний эрх зүйн маргаан эрүүгийн хэрэг болох тохиолдол нэмэгдсэн
  • Цагдаа прокурорын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хөрөнгө оруулагчийн баталгаа хангадаггүй, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зохицуулалт хангалтгүй
  • Арбитраар шийдэгдсэн маргаантай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэл удаан байдаг гэхчлэн гарчээ.

Ажлын хэсгийн дүгнэлт, саналтай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаас Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журамд гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн бүртгэлийн нарийвчилсан зохицуулалтыг бий болгох, хууль тогтоомжийн давхардал хийдэл, зөрчлийг арилгахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгалаа.

Мөн хилээр нэвтэрсэн болон улсын бүртгэл, нийгмийн даатгал, татварын байгууллагад бүртгэгдсэн гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдтэй холбоотой дундын мэдээллийн сантай болох ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах ажил дуусч байна. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлнэ. Гадаадын хөрөнгө оруулагчдын төлөөлөлтэй уулзсан. Монголд гадаадын хөрөнгө оруулалттай 20 орчим мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна. Тэд ердийн аж ахуй нэгжтэй адил журмаар хуулийн этгээд болж бүртгүүлэх хүсэлтэй байгаагаа хэлсэн.  Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүдэд дуудлага худалдаагаар ашигт малтмалын хайгуулын лицензийг худалддаг ч газар дээр очихоор  орон нутгаас ахиад газар эзэмших гэрчилгээ авах болдог. Үүнээс бол 2-3 жил хугацаа алддаг гэсэн. Бид энэ бүх бэрхшээлийг арилгахаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, даган гарах хуулиудыг өргөн барина.

Гадаадын хөрөнгө оруулагчдыг  иргэний болон эрүүгийн хэрэгт холбогдуулан хууль хүчний байгууллагатай хамтарч тонон дээрэмдсэн асуудал яригдаж байгаа. Энэ талаар судалгааны түүврийг гаргаж байна. Улсын ерөнхий прокурор болон мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагын удирдлагуудтай аравдугаар сарын 28-нд ажлын хэсгийн санал дүгнэлтийг гардуулж өгнө. Бид 2012-2022 оны хооронд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд хэрхэн хохирсон, энэ хэрэгт хэн хэн холбогдсон, хэргийг хэрхэн хаасан талаар олон нийтэд ил болгоно. Ерөнхий прокурор, тагнуулын байгууллагын дарга, Үндэсний аюулгүй байдлын Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүст хүртэл холбогдох хэргүүдийн жагсаалтыг аравдугаар сарын 28-нд дэлгэрэнгүй мэдээлнэ" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах