Цэс Close

Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх заалтыг хүчингүй болгохыг гишүүдийн олонх дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.04.11/ нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд тусгасан газрыг хөрөнгө оруулагчдад 100 жилээр эзэмшүүлэх заалтыг хасах талаар хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Газрыг гадаадын иргэдэд 100 жилээр эзэмшүүлэх заалтыг УИХ-ын олон гишүүн эсэргүүцэж байгаа. Газар тариалангийн бизнес эрхлэгчид, мөн манай нутагт газар эзэмших эрхийг 15 жилээр сунгадаг. Энэ хуулийн төсөлд хоёр л заалт өөрчлөх юм. Нэг нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12-р зүйлийн 12.1.1-т заасан “Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх тухай” заалтыг хүчингүй болгох юм.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд Гадаадын хөрөнгө оруулагчдад 100 мянган ам.долларын босго тавьсныг байхгүй болгохоор тусгасан. Үүнийг харж үзэх ёстой. Учир нь, 100 мянган доллар бол тэр тусмаа стратегийн ач холбогдолтой салбаруудад хөрөнгө оруулагчдад бол асар бага мөнгө шүү дээ. Засгийн газрын бодлого нь хөрөнгө оруулагчдад хаалгаа нээе гэдэг утгаар босгоо намсгаж байгаа юм байна.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Энэ удаа өөрчлөлт оруулах гэж байгаа хууль бол 2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн заалт. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл нь тусдаа. Гол ялгаа нь энэ юм.

Энэ хуульд өөрчлөлт оруулах болсон гол шалтгаан бол Үндсэн хууль болон Газрын тухай хуультай зөрчилдсөн заалтууд буюу хууль хоорондын зөрчлийг арилгаж буй юм.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцээд, хэлэлцэхээс татгалзсан. Харин энэ удаа 2013 онд батлагдаж, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд өөрчлөлт оруулж, өөрчлөлтийг анхны хэлэлцүүлгээр батлахаар оруулж ирсэн гэж УИХ-ын дарга Г.Занданшатар тодотгоод, удахгүй санал хураалт явуулна гээд гишүүдийг чуулганы танхимд орж ирэхийг сануулав.

Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах тухай Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Санал хураалтад уг саналыг 22 гишүүн дэмжиж, 51.2 хувиар санал дэмжигдлээ. Хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. Ингэснээр Хөрөнгө оруулалтын тухай хуульд байсан газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх заалтыг хүчингүй болгохыг хуралдаанд орсон гишүүдийн олонх дэмжлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах