Цэс Close

Газрын ховор элемент-Ногоон технологийн түүхий эд

Салбарын мэргэжлийн хэвлэл ЭРДЭС БАЯЛГИЙН ТОЙМ сонин дэлхийн өнөө, ирээдүйн өндөр технологийн түүхий эд болж байгаа газрын ховор элементээр дагнасан, тал бүрийн мэдээ, мэдээлэл бүхий цогц дугаар бэлтгэн гаргалаа.
Газрын ховор элемент гэж юу вэ? Монгол Улсын төр засаг, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, эрдэмтэн судлаачид, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд, орон нутгийн төлөөллүүд газрын ховор элементийн салбарын талаар байр сууриа илэрхийлж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны хоёрдугаар сард БНСУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ тус улсын дэвшилтэт технологиор тэргүүлэгч КТ (Korea Telecom) группийн удирдлагатай хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан юм.
Тэгвэл КТ группийн ОХУ болон Монгол Улсыг хариуцсан захирал Со Хесоныг Монгол Улсад хүрэлцэн ирэх үеэр ЭРДЭС БАЯЛГИЙН ТОЙМ сонины сэтгүүлчид уулзаж, ярилцлага авсан юм. Тэрээр “Монгол Улсад газрын ховор элементийн төслүүдэд ХУРД шаардлагатай байгаа”-г онцолсон. Уншигч Та ярилцлагыг бүрэн эхээр хүлээн авч уншина уу.
Газрын ховор элементэд Монгол Улс амбицтай хандах цаг үе иржээ. ЭРДЭС БАЯЛГИЙН ТОЙМ сонины сэтгүүлчийн бэлтгэсэн Тойм нийтлэлд Монгол Улс ирээдүйн өндөр технологийн түүхий эдийн салбарт хэрхэн анхаарч ажиллах шаардлагатай, хүн төрөлхтний энэ чигийн хэрэглээ ямар түвшинд хүрээд байгааг өгүүллээ.
“Газрын ховор элемент-Аж үйлдвэржилтийн сэргэлт” эрдэм шинжилгээний хурал саяхан Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан. Газрын ховор элементийн чиглэлээр судалгаа хийж байгаа төрийн болон эрдэм шинжилгээний байгууллагууд, төрийн өмчит компаниудын өндөр бүрэлдэхүүнтэй оролцсон уг хуралд УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга, Үйлдвэр, худалдааны сайд асан Ц.Даваадорж нарын хүмүүс олон сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Тэдний илтгэл мэдээллээс гадна сэдвийн өргөн хүрээнд авсан ярилцлагууд ЭРДЭС БАЯЛГИЙН ТОЙМ сонинд нийтлэгдэв.
Газрын ховор элементээр дагнан маш олон жил судалгаа хийж байгаа эрдэмтэн бол ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Технологи, эрдэс судлал, инновацийн төвийн захирал, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан С.Жаргалан. Дэлхий даяар критикал минерал буюу критикал металыг судалж эрж хайж байгаа талаар тэрээр ярилцлагадаа өгүүллээ. Газрын ховор элементийн зах зээл тойрсон багц тойм мэдээллүүд сонины хуудаснаа нийтлэгдлээ.
Физикийн ухааны доктор Норовын Тэгшбаяр “Газрын ховор элементүүд гэж юу вэ?” нийтлэл бэлтгэн хүргэж байна. “Газрын ховор элементүүд гэхээр таны толгойд юу төсөөлөгдөж байна вэ? Хэрвээ юу ч бодогдохгүй байвал санаа бүү зов. Энэ нийтлэлийн төгсгөлд хамдаа өргөн хүрээний ойлголттой байх болно” хэмээн тэрээр нийтлэлээ эхлүүлэв.
Хайгуулын үе шатнаас эхлээд оролцогч талуудын оролцоог хангасан уул уурхайн жишиг төсөл болох зорилт тавин ажиллаж байна. Энэ талаар Халзан Бүрэгтэй төслийн Геологи, уурхай хариуцсан Төслийн менежер А.Цолмонгийн ярилцлагыг та хүлээн авна уу. Уул уурхайгаас болоод малын гаж хөгжил үүсч байна уу?
Энэ асуултад хариулт авахаар ЭРДЭС БАЯЛГИЙН ТОЙМ сонины баг Монголын Мал эмнэлгүүдийн дундын хоршоог (МНДХ) зорьж очсон юм. Уулзаж ярилцсан зочин маань Монголын хөдөө аж ахуй, шинжлэх ухааны академийн гишүүн, Мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор, профессор, Мал эмнэлгийн эм судлалын хүрээлэн НҮБТТ-ийн захирал Я.Ганболд.
Тэрээр өдгөө МНДХ-ийн Зөвлөхөөр ажиллаж байгаа юм. “Уул уурхайгаас болоод малын гаж хөгжил үүссэн тохиолдлыг би хувьдаа олж хараагүй. Монгол байтугай, дэлхийн шинжлэх ухаанд ч уул уурхайн нөлөөллөөс шалтгаалж малд илэрсэн ийм гаж хөгжил байна гэсэн зүйл бүртгэгдээгүй” хэмээн тэрээр яриандаа онцлон хэлж байлаа. Дэлгэрэнгүй ярилцлагыг сонины дугаараас уншина уу?
Таван хошуу малд тохиолдож байгаа төрөлхийн болон олдмол гаж хөгжлийн судалгаа мөн нийтлэгдэв. Сонины “Орон нутаг” буланд талуудын үнэ цэнтэй мэдээлэл, ярилцлага, нийтлэлүүд бий.
Тухайлбал,
"Өмгөөллийн Дилижент Партнерс” ХХН-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттулгын “Орон нутгийн иргэдийн үзэл бодол, эрх ашиг сонирхлыг мэдээж хүндлэх ёстой”, Цөмийн Энергийн Комиссын Тамгын газрын дарга Б.Баатарцогтын “Орон нутгийн иргэдийн оролцоо нэмэгдэх тусам төслөө дэмжиж, үр ашиг хүртэх боломж нээгддэг”, эрдэмтэн Н.Норовын “Хайгуулын талбайн гадна амьдардаг айл өрхүүдэд цацрагийн нөлөө байхгүй”, "Газрын ховор элемент бол өндөр технологийн ВИТАМИН” сурвалжилга, МНРИК-ийн төсөл хариуцсан дэд захирал Ч.Мөнхжаргалын “Гуравдагч орнуудтай түншлэх боломж бол газрын ховор элемент” өгүүлэл, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн салбарын профессор Д.Энхбатын “Газрын ховор элементийн ордуудад хийсэн геометаллургийн судалгааны зарим үр дүн” нийтлэл, “Таблеттай хүү”-гийн тухай сурвалжлагыг уншигч Та ЭРДЭС БАЯЛГИЙН ТОЙМ сониноос сонирхон унших болно.
Газрын ховор элементүүдийг ихэвчлэн салхин турбин, нарны панел, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан болон хосолмол хөдөлгүүрт автомашин, гар утас, таблет, зөөврийн компьютер зэрэг хувийн болон ахуйн хэрэглээ, өндөр технологийн тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглаж байна.
Монгол Улсын "Алсын хараа 2050" хөгжлийн баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын томоохон баримт бичгүүдэд газрын ховор элементийн ордуудын төслүүдээ урагшлуулж, орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, энэ чиглэлээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах талаар онцгойлон тусгасан билээ.
ЭРДЭС БАЯЛГИЙН ТОЙМ сонины Редакц

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах