Цэс Close

"Геополитик", "Эрх зүй" шинэ хоёр ном уншигчдын хүртээл боллоо

"Эрх зүйт ёс" сангийн ээлжит бүтээлүүд уншигчдын гар дээр очиж байна. Улс төр, шинжлэх ухаан, хууль эрх зүйн ойлголт, мэдлэг олгох "Геополитик", "Эрх зүй" хоёр ном нь Оксфордын их сургуулиас бэлтгэн гаргадаг хууль эрх зүйн танилцуулгын ээлжит цувралууд юм. Тус хоёр номыг “Эрх зүйт ёс” сангаас албан ёсны оюуны өмчийн зөвшөөрөлтэйгээр эх хэлнээ орчуулан эмхэтгэн хэвлүүлжээ.

Шинэ ном: Реймонд Ваксын "Эрх зүй" товч танилцуулга ном нь хууль, эрх зүйн болон улс төр, нийгмийн шинжлэх ухааны тулгуур ойлголтыг энгийн үг хэллэг ашиглан тайлбарласан нь уншигчдад цэгцтэй, ойлгомжтой мэдлэг, мэдээлэл өгөх юм.

Клаус Доддсын “Геополитик” бүтээл нь дэлхийн улс төр, геополитикийн үндсэн ухагдахууныг телевиз, спорт, газрын зураг, гэх мэт өргөн хүрээний жишээгээр дамжуулж, өдөр тутмын амьдралд хэрхэн илэрдгийг энгийнээр өгүүлсэн байна.

Хуульч, доктор Ч.Өнөрбаярын эрхлэн гаргадаг “Эрх зүйт ёс” сан нь бэстселлэр болсон эрх зүйн онол, сэтгэлгээний гол, гол сонгодог шилмэл бүтээлүүдийг цаг алдалгүй эх хэлнээ орчуулан эмхэтгэн хэвлүүлж ирсэн. Өнгөрсөн хугацаанд “Хуулийн эзэнт гүрэн”, “Хуулийн сургуульд сурсан 101 зүйл”, “Улс төр засаглалын толь бичиг”, “Улс төрийн философи” гэх мэт нэртэй 20 гаруй ном бүтээлийг уншигчдынхаа хүртээл болгожээ.

Тус сангийн эмхэтгэн гаргадаг бүтээлүүд нь Монголынхоо уншигч олон ялангуяа хуулийн сургуульд сурч буй оюутнууд, хуульч, шүүгч, хууль эрх зүй сонирхон судлагчдад гарын авлага, байнгын хэрэглэгдэхүүн болж байдаг.

Боловсролд томоохон хөрөнгө оруулалт хийж буй “Эрх зүйт ёс” сан нь гадны сонгодог шилмэл бүтээлүүдийг уншигчдадаа хүргэхээс гадна дотоодынхоо эрдэмтдийн бүтээлийг гадаад улс оронд таниулах гүүр болон ажилладаг. Тухайлбал, Монголын хууль эрх зүйн орчныг харьцуулсан ном гаргасан нь хууль эрх зүйн салбарын хэрэгцээнд ашиглагдсаар байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах