Гурван улсыг холбосон анхны авто замыг боомтын сэргэлтийн хүрээнд ашиглалтад орууллаа
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын боомтын сэргэлтийн хүрээнд Ховд, Баян-Өлгий аймгийн нутгаар дамжин ОХУ-ын хилийн боомтыг БНХАУ-ын хилийн боомттой холбосон, Азийн авто замын АН-4 буюу баруун босоо тэнхлэгийн 745 км авто замыг бүрэн ашиглалтад орууллаа.
2022 оны долдугаар сарын 17, Баян-Өлгий аймгийн Даян боомт
Ингэснээр Монгол Улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан урд, хойд хилийн боомтуудаа хооронд нь авто замаар холбож, Ази, Европыг холбосон транзит коридороо анх удаа байгуулж буй онцгой ач холбогдолтой юм.
Энэхүү тээврийн коридор нь ОХУ, БНХАУ, Монгол гурван улсыг холбосон гэдгээрээ онцлог бөгөөд БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өрөмч, Монгол Улсын Ховд аймгийн Булган боомт, Ховд, Баян-Өлгий аймгийн төв, Цагаануур боомтоор дамжин ОХУ-ын Новосибирск хүртэлх нийт 4500 км гаруй урттай. Ингэснээр тус бүсэд томоохон үйлдвэрлэл, үйлчилгээ нэмэгдэж, бүтээгдэхүүнээ экспортлох боломж бүрдэнэ.
Баруун босоо тэнхлэгийн боомтуудыг авто замаар хэрхэн холбох асуудлаар өнгөрсөн долдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд, Баян-Өлгий аймагт ажиллахдаа Цагааннуур, Даянгийн боомтын үйл ажиллагаатай танилцаж, холбогдох албаны хүмүүст ажлаа шуурхайлах үүрэг өгч байсан юм. Тухайн үед тэрбээр "Манай Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-д хөгжлийг хурдасгах зургаан том зорилт дэвшүүлсний нэг нь боомтын сэргэлт. Манайх далайд гарцгүй улс учраас бүх боомтоо авто замаар, Алтанбулаг, Замын-Үүдийг хурдны замаар холбохоос гадна шинээр 5-6 төмөр замын экспортын томоохон гарц гаргах зайлшгүй шаардлагатай. ОХУ, БНХАУ-ын Засгийн газартай хамтарсан томоохон коридоруудын төслүүд нэлээн урагштай явж, үйл ажиллагаа нь эрчимжиж байна. Бид боомтуудаа авто болон төмөр замаар аль болох хурдан холбож байж тээвэр логистикийн өрсөлдөх чадвар дээшилнэ. Мянганы замын төслийг эхлүүлээд 21 жилийн дараа энэ жил дуусгасан. Одоо орхиод байсан боомтууддаа анхаарна” хэмээн ярьж байсан юм.
2022 оны долдугаар сарын 16, Цагааннуур боомт
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд ойрын болон дунд хугацаанд олон улс, хот хоорондын болон орон нутгийн чанартай авто замын сүлжээн дэх хатуу хучилттай авто замын сүлжээг улам өргөтгөхийг зорьж байна.
Сэтгэгдэл үлдээх