Цэс Close

Гэмт хэрэг гарсан газрын шүүхээр хэргийг шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ

Захирамжийн дугаар: 2022/ШЗ/2570

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр

2022.10.28 процесс - хураангуй

Прокуророос иргэн Доржийг нь “Хаан банкнаас өөрийн нэр дээр зээл авч “Таван богд” ХХК-иас 100 сая төгрөгийн үнэ бүхий Тоёота рав-4 маркийн тээврийн хэрэгслийг авч өгвөл зээлийн эргэн төлөлтийг өөрөө төлнө” гэж хэлж хуурч, хохирогч Одын  нэр дээр  зээл авхуулж, улмаар түүний нэр дээрх “Таван богд” ХХК-иас худалдан авсан Тоёота рав-4 маркийн тээврийн хэрэгслийг унаж явах нөхцөлтэйгөөр ашиглаж байхдаа хуурамч “тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ” үйлдэн өмчлөгчийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар  яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд яллагдагчийн өмгөөлөгчөөс хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалалын асуудлаар маргаж хүсэлт гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар  хэргийг уг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэх бөгөөд уг хэрэг нь тухайн шүүхэд харьяалагдахгүй байвал шүүгчийн шийдвэрээр харьяалах шүүхэд шилжүүлэх журамтай байдаг.

Шүүх өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хянан үзэхэд тухайн тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах ажиллагаа нь Авто тээврийн   үндэсний төвийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах салбарт хийгдсэн болох нь холбогдох этгээдүүдийн мэдүүлгээр тогтоогдсон тул Доржид холбогдох Эрүүгийн хэргийг харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, хэргийг харьяалах шүүхэд очтол иргэн Доржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. 

            Хураангуй бэлтгэсэн: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах