“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар амьжиргааг нэмэгдүүлэх” төслийг II үе шатыг хэрэгжүүлнэ
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр өнөөдөр Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска болон орлогч дарга Лин Цао нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар амьжиргааг нэмэгдүүлэх” төслийн үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон юм.
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар амьжиргааг нэмэгдүүлэх” төсөл нь хоёр үе шаттайгаар хэрэгжиж байгаа бөгөөд Улаанбаатар хотын өрх толгойлсон 50 ээжид дулааны нөөцлүүртэй цахилгаан халаагуур, нарны зайн хавтан худалдан авах, суурилуулах ажилд дэмжлэг үзүүлнэ. Ингэснээр төсөлд хамрагдсан өрх дотоод орчны агаарын бохирдолгүй, эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.
Уг төслийн талаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска хэлэхдээ “Энэхүү төслийг бид амжилттай хэрэгжүүлээд явж байна. Одоо дараагийн шатандаа орж, төслийн хугацааг сунгаж, энэ өвлийг дуустал төслийнхөө үр дүнг үзэх хэрэгтэй гэж бодож байна. Бид агаарын бохирдол эдийн засагт ямар нөлөө үзүүлдэг талаар судалгаа хийсэн. Үүн дээр тулгуурлан нэмэлт төлөвлөгөө гарган ажиллах хэрэгтэй. Түүнчлэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Улаанбаатар хотод хэрэгжиж буй бусад төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллах боломжтой” гэлээ.
Сэтгэгдэл үлдээх