Цэс Close

Г.Билгүүн: Байгальд ээлтэй, хурдан уусдаг бодис зам талбайд цацаж, халтиргаа гулгаанаас сэргийлж байна

Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төвд УБЗАА–ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн болон холбогдох албаныхан ажиллалаа. Нийслэлийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний 48 ААНБ-ын нийт 2355 ажилтан 776 машин техниктэйгээр нийтийн эзэмшлийн гудамж, замыг цэвэрлэж байна.

УБЗАА–ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэлийн есөн дүүргийн зам талбайн арчилгаа үйлчилгээг хариуцан ажилладаг байгууллагуудад хяналт, шалгалт зөвлөн туслах зорилгоор ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд 14 орон нутгийн аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, 34 хувийн хэвшлийн байгууллага 15 сая ам метр талбайд цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажилладаг. Харин Хан-Уул дүүрэгт орон нутгийн өмчит дөрвөн байгууллага, 10 хувийн хэвшлийн компани цэвэрлэгээ үйлчилгээ хариуцан ажиллаж байна. Тус компаниуд нийт 3.8 сая ам метр талбайг цэвэрлэдэг. Нийслэлийн Засаг дарга 2024-2025 онд парк шинэчлэлт хийсэн. Үүний хүрээнд энэ онд 170 орчим техник, хэрэгслийг дүүргүүдэд хүлээлгэж өгсөн. Мөн байгальд ээлтэй, хурдан уусдаг, онгоцны буудлуудад хэрэглэдэг бодисыг авах шаардлагыг дүүргүүдэд тавьсан. Улаанбаатар хотын Захирагчийн алба ч ийм бодисын нөөц бүрдүүлсэн” гэв.

Хан-Уул дүүргийн менежер Ц.Эрдэнэбаатар ”ХУД-ийн Тохижилт үйлчилгээний төв Чингисийн өргөн чөлөө, Наадамчдын зам, Архивчдын гудамжийг хариуцан ажилладаг. Түгжрэл ихтэй үед авто замын нэгдүгээр эгнээг хааж, зам цэвэрлэхэд хүндрэлтэй байдаг. Иймээс үүрээр болон орой гэсэн хуваарийн дагуу зам талбайн цэвэрлэгээг хийдэг. Мөн түлшний хомсдол тулгамдсан асуудал болж байна. Өнгөрсөн шөнө түлшний хомсдолоос шалтгаалж зарим байгууллага цас цэвэрлэгээний машинаа гаргаж чадаагүй гэсэн мэдээлэл ирсэн. Бид алдаа, дутагдалтай ажилласан байгууллагуудад хяналт, шалгалт хийгээд явж байгаа. Манай дүүрэгт цас цэвэрлэгээний техник хангалттай байна. Мөн дүүргийн хөрөнгө оруулалтаар орон нутгуудад техник авч өгсөн” гэлээ.

Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төвийн захирал В.Мөнх-Эрдэнэ “Энэ жил манай дүүрэг 300 тонн давс, 200 тонн бодис худалдан авсан. Өнөөдрийн байдлаар 160 тонн давс, 150 тонн бодисын үлдэгдэлтэй байна. Нарийн ширхэгтэй, хог шороогүй, хурдан уусдаг бодисыг хэрэглэж байгаа. Өдөр, шөнийн ээлжээр цэвэрлэгээ хийж, давс, бодис цацдаг” гэсэн юм.

Мөн энэ үеэр УБЗАА–ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн 2024-2025 онд худалдан авалт хийсэн техникүүдийг дүүргүүдэд ашиглалтын гэрээ буюу эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хүлээлгэж өгсөн. Үүнээс хуримтлагдсан хөрөнгөөр гар багаж худалдан авах ажиллагааг зарласан. Мөн Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаалаар нийтийн эзэмшлийн зам талбайн зааварчилгааг баталсан. Уг зааварчилгааны дагуу цэвэрлэгээний нарийн зааварчилгааг мөрдөн ажиллана гэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах