Г.Дамдинням: Боловсролын ерөнхий хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхэд бэлэн болоод байна

Улсын Их Хурлын гишүүн, Боловсролын багц хуулийн төслүүдийг байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангуулах үүрэг бүхий ажлын хэсэг ахлагч Г.Дамдинням багц хуулиудын талаар танилцуулга мэдээлэл хийлээ. Тэрбээр Боловсролын ерөнхий хуулийн төслийг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан. Боловсролын салбарт буй бүхий л оролцогч талуудыг оролцуулсан өргөн хэлэлцүүлэг хийж, өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг 29 удаа, дэд ажлын хэсэг 58 удаагийн хуралдааныг зохион байгуулаад байна гэв. Энэ хүрээнд 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өргөн барьсан хуулиудыг нэгтгэж, дөрвөн багц хууль болгох шийдвэрт хүрч, шинэ ажлын хэсгийн ахлагчаар ажиллах болсныг тэмдэглэв. Шинэ ажлын хэсгийн хүрээнд ажлын хэсэг 4 удаа, дэд ажлын хэсэг 5 удаа хуралджээ. Хууль 52 зүйл, 300 гаруй заалттай. Энэ удаагийн хуулийн өөрчлөлтөөр асуудлыг цогцоор нь харж, багц хуулийн төслүүдийг боловсруулж, хэлэлцүүлэгт бэлтгэн ажиллаж байгааг онцоллоо.
Хуулийн төслүүдэд дараах өөрчлөлтүүдийг хийхээр төсөлд тусгасан байна. Тухайлбал
- Сургуулиудын (төрийн-хувийн, хот-хөдөөгийн) чанарын ялгааг арилгана. Хаана амьдарч, ямар сургуульд сурч байгаагаас үл хамаарч чанартай боловсрол эзэмших боломжийг бүрдүүлнэ.
- Сургууль цэцэрлэгийн удирдлагыг улстөрчид томилдог тогтолцоог халж, мэргэжлийн сонгон шалгаруулалтын тогтолцоонд шилжүүлнэ
- Үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжиж, сургуулиа биш сурагчаа дагадаг хувьсан зардлын тогтолцоонд шилжинэ.
- Багш бэлддэг, багшийг тасралтгүй хөгжүүлдэг тогтолцоог бий болгоно. Сайн багш өндөр цалин, гүйцэтгэлийн урамшуулал авдаг болно зэргээр боловсролын багц хуулиудад шинэчлэлт хийхээр зорьж байгаа гэлээ.
Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг энэ долоо хоногт байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр хэлэлцэх асуудлын дараалалд багтаасан байна.
Сэтгэгдэл үлдээх