Г.Пүрэвдэлгэр: Сонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийг тусгайлан бүртгэх программыг цагдаагийн байгууллага үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн
Цагдаагийн байгууллагаас сонгуулийн хууль, тогтоомж зөрчсөн зарим асуудлаар мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр “2024 оны УИХ-ын ээлжит сонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн 468 гомдол, мэдээлэл бүртгэгдээд байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 183, зөрчлийн шинжтэй 285 гомдол мэдээлэл бүртгэгдсэн.
Шийдвэрлэсэн 327 гомдол мэдээлэл байгаа бол яг одоогоор 141 гомдол мэдээлэл шалгаж байна.
Цагдаагийн байгууллагад ирсэн нийт гомдол мэдээллээс сонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийг тусгайлан бүртгэх программыг боловсруулан үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байгаа. Энэхүү программ нь прокурорын байгууллагатай холбогдсон бөгөөд цагдаад энэ төрлийн гомдол мэдээлэл ирэхэд прокурорын байгууллагад давхар бүртгэгдэнэ гэсэн үг.
Цахимд түгээгдэж буй худал мэдээллийг дараах байдлаар шалгадаг. Нэгдүгээрт, гомдол мэдээллийг бүртгэж авна. Дараа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу ажиллагаа явуулна. Ингээд хуурамч хаяг, хууль бус контент гэж үзвэл прокурорын байгууллагад хянуулаад, Харилцаа Холбооны Зохицуулах Хороонд хүсэлт хүргүүлдэг. ХХЗХ цаашаагаа Meta компанид хүсэлт хүргүүлэх үе шаттайгаар явдаг. Meta компани тухайн хаяг, контенттой холбоотой шийдвэрийг гаргадаг. Тухайн мэдээлэлд хязгаарлалт тогтоох эсэхээ Meta компани шийддэг гэсэн үг" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх