Цэс Close

Дараагийн автобус ирэхийг 14 жил хүлээсэн нь буюу Трент Александр-Арнольдын түүх

[cmsmasters_row data_shortcode_id="l1xga07cmb" data_padding_bottom_mobile_v="0" data_padding_top_mobile_v="0" data_padding_bottom_mobile_h="0" data_padding_top_mobile_h="0" data_padding_bottom_tablet="0" data_padding_top_tablet="0" data_padding_bottom_laptop="0" data_padding_top_laptop="0" data_padding_bottom_large="0" data_padding_top_large="0" data_padding_bottom="50" data_padding_top="0" data_bg_parallax_ratio="0.5" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center" data_color="default" data_bot_style="default" data_top_style="default" data_padding_right="3" data_padding_left="3" data_width="boxed"][cmsmasters_column data_width="1/1" data_shortcode_id="1kqzdnmsx" data_animation_delay="0" data_border_style="default" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center"][cmsmasters_text shortcode_id="si2qm1ah98" animation_delay="0"]

Английн шигшээ болон “Ливерпүүл”-ийн баруун захын хамгаалагч Трент Александр- Арнольдын өгүүлсэн түүх.

...Заримдаа хоёр автобус хоорондоо дараалаад шилээ даран ирчихдэг гэх яриа байдаг. Зарим хүнд тэгдэг л байх. Харин миний хувьд лав биш.

Би хоёр дахь автобус ирэхийг бүтэн 14 жил хүлээсэн юм. Их хүлээсэн болохоор ирмэгц нь л шууд үсрээд суучихсан. Хамгийн гайхалтай нь тэр автобусанд суухад миний хүзүүнд Аваргуудын лигийн аваргын медаль зүүгээстэй байсны зэрэгцээ төрөлх Ливерпүүл хотын гудамжаар цом өргөн жагссан юм даа.

“Сюрреалист” гэх үг энэ тохиолдолд таарч тохирохгүй гэж бодож байна. Мөн “Ид шидийн” гэх үг ч зохицохгүй. Тэр автобусны дээвэр дээр суучихаад явж байхад төрсөн сэтгэгдлийг минь илэрхийлэхээр үгийг би лав номноос ч олж уншиж байгаагүй. Уг нь би унших дуртай хүн шүү дээ.

Аваргуудын лигийн аваргуудын жагсаалыг би төрөлх хотдоо харах аз завшаан өмнө нь тохиосон. 2005 оны тэр зуны өдөр би аваргуудын автобус ирэхийг өдөржингөө гэрийнхээ үүдэнд хүлээж билээ. Тэгж байтал “Ирж байна” гэж гудамжны үзүүрээс хэн нэгэн хашгирахад нуруугаар хүйт даах шиг болсон. Стивен Жеррард болон бусад тоглогчид ердөө нүдний өмнүүр хэдхэн метрийн зайтай цомоо бариад өнгөрсөн агшин гайхалтай.

Тэгэхэд би зургаан настай ч гэсэн хэн болох, юу хийхээ аль хэдийнэ мэдэж байлаа. “Ливерпүүл”-ийн тоглогч болчихоод яг ийм автобусанд сууна  гэж бодсон. Хүүхэд бүр иймэрхүү мөрөөдөлтэй байдаг болохоор нэг их гайхшрах ч юу байхав. Манай сургууль, хотын хөвгүүд бүгд л үүнийг мөрөөдөж өссөн.

Гэхдээ миний хувьд бол энэ мөрөөдөл өвчин болчихсноороо ялгаатай. Сайн утгаараа шүү. Ердөө эдгэдэггүй, алга болдоггүй, бодлоос салдаггүй тийм өвчин. Тэр хүсэл мөрөөдөл миний судсаар эргэлдэж гүйгээд ердөө зогсохгүй. Энэ бодолдоо донтож, мөрөөдлийн ертөнцдөө би умбасаар өссөн.

Ирээдүйн зорилгодоо хүрэх арга замаа би маш тодорхой олж харж, хичээдэг байлаа. Тэмүүлэх эрч хүч өгөгчид ч холгүй. Би аав, ээж болон Тайлер, Марсель хоёр ахтайгаа хамт өссөн. Манайх яг Мелвүдийн хажууханд орших гурван унтлагын өрөөтэй байшинд байдаг байлаа. Хоёр ах маань үе үе нэг нэгнээ “явуулж”, эвдрэлцэх боловч биднийг эргэлзээгүйгээр холбож байсан нэг зүйл бол “Ливерпүүл”.

Гэр ойрхон болохоор ах нарынхаа хамт үргэлж баатруудынхаа дэргэд байлаа. Хогийн саван дээр гарах юмуу эсвэл хашааны завсраар шагайж бэлтгэл хэрхэн хийж буйг нь ажиглана. Тэгээд л өөрсдийгөө тэдний оронд байна гээд төсөөлнө дөө.

Үнэнээ хэлэхэд, үүнээс өөр хобби надад байгаагүй юм. Ийм байх сайнгүй л биз. Гэхдээ л үнэн минь энэ юм чинь. Долоо хоногийн долоо хоног, 24 цагийн 24 цагт бодол тэнд л тэнээстэй. Ээж биднийг хэзээ л бол хэзээ тоглохыг зөвшөөрнө. Гэхдээ нэг хатуу журам байдаг нь үргэлж нүдэнд үзэгдэхээр газар тоглох ёстой. Тэгэхээр замын цаадахь цэцэрлэгт хүрээлэн юмуу эсвэл ойр жижиг зайд тоглож таарна. Оймс бөөрөнхийлөөд бөмбөг хийж, түүнийгээ өшиглөөд явчихаараа заримдаа ээжийнхээ хараанаас мултарчихалгүй л яахав.

Ээжийгээ бид гурав ер нь галзуурахад ганц хуруу дутуу болгосон үе олон. Хоолоо хийгээд гал тогооны өрөөнд махарч суухад нь бид гурав гудамжнаас хэрэлдэж, муудалцсан нөхдүүд гүйгээд ороод ирдэг гэж байгаа. Бид гурвын тархинд ганц л бөмбөг эргэлдэх учраас юу ч хэлээд нэмэргүй. Хөлбөмбөг, хөлбөмбөг, хөлбөмбөг, Ливерпүүл, Ливерпүүл, Ливерпүүл гэнэ.

Багадаа машинаар явах тоолондоо “Энфилд”-ийг цонхоор хардаг байж билээ. Тэр домогт газрыг харах болгондоо “Дотроо ямар бол?” гэж бодогдоно. Нэг л тийм сүрлэг нууц оршоод байх шиг санагдана.

Ингээд 2005 оны дөрөвдүгээр сард ээж минь Тайлер бид хоёрт Аваргуудын лигийн шөвгийн наймын тоглолтын тасалбар атгууллаа. “Ювентус”-ын эсрэг эхний тоглолт. Буффон, Каннаваро, Недвед, Ибрахимович гээд тэд бүгд эгнэжээ. Гайхамшигтай баг.

Европын хөлбөмбөгийн орой “Энфилд”-д их өөр буудаг юм шүү дээ. Гол хэсгийн хавьд бүр ч гайхалтай орчин бүрдэнэ. Энэ бүхнийг өөрийнхөө судас, цусаар гүйлгэх гэж хичээнэ. Маргааш өглөө гэхэд энэ бүхнийг яг тэр чигээр нь санаж сэрэх юмсан л гэж бодогдмоор. Прожектор талбайг бүхэлд нь гэрэлтүүлж, копуудаас эрчилсэн энерги ялгарна. Миний хувьд тоглолтын эхэнд бөмбөг зөөдөг хөвгүүд төвд гарч зогсох мөч их онцгой. Тэд жигтэйхэн том улаан туг барьж гарч ирдэг. 20 орчим хүүхэд. Дараа нь Аваргуудын лигийн дуулал эгшиглэнэ. Тэр агшинд бүгд хөшөө мэт хөдөлгөөнгүй зогсож мэдрээд, дараагаар нь You`ll Never Walk Alone-оо дуулна. Энэ чинь л жинхэнэ эрч хүчний ундарга байхгүй юү. Би энэ орчинд бүр дурлачихсан. Тэгээд л энэ бүхнийг насан туршдаа мэдрэхийн тулд ирээдүйд хэн болохоо товлочихсон. Тийм тоглолтын шөнө унтаж чадна гэдэг гонжийнжоо.

Түүнээс хойш хэдэн сарын дараа “Улаанууд” дахиад Европын клубүүдийн хамгийн нэр хүндтэй тэмцээнд түрүүллээ. Гэр бүлээрээ бид финалыг үзсэн юм. Зургаан настай хэрнээ л Стамбулын тэр шөнө юу болсныг ойлгоод мэдрээд байгаа. Хэдэн хоногийн дараа гудамжаар явахад хүмүүсийн сэтгэл санаа хачин цэлмэг, өөдрөг байгааг илт анзаарч болохоор. Аваргууд жагсаалаа хийнэ гэдгийг бид мэдэхийн дээдээр мэднэ. Хамгийн хөгжилтэй нь ээжийн “Нүдний өмнө заавал байгаарай” гэх журмыг зөрчилгүйгээр бид тэр жагсаалыг гэрийнхээ үүднээс үзлээ. Яг манай гудамжаар автобус яваад өнгөрсөн юм чинь.

Бид бүгдээрээ “Ливерпүүл”-ийн өмсгөлтэй, харин баатрууд маань Аваргуудын лигийн цомтой автобусны дээвэр дээрээс мэндчилж билээ. Ер нь би бараг хурууны үзүүрээрээ хүрээд авах шиг санагдсан.

Ийм юм үзэж харсан хүүд хөлбөмбөгч болохоос өөр ямар хүсэл төрөх билээ. Ах нар ч бас хөлбөмбөгч болно л гэнэ. Бид ингэж л нэг хүсэлд бас зангилагдсан юм. Дараахан нь би “Ливерпүүл”-ийн академийн хөвгүүн боллоо. 6-7 насны юугаа ч мэдэхгүй хэрнээ том багийн академид орчихсон хөвгүүдэд хүртэл фанатууд гэж бий болчихдог юм билээ. Надад ч бас байж л таараа.

Гэвч манай хотод байнга шахуу бороо орох тул ах бид гурав ямар нэгэн тоглоом олж тоглох хэрэгтэй болно. Ингээд ээж нэг удаа дэггүй хөвгүүдээ намбатай болгох гэж шатар зааж өгөхийг ааваас гуйсан юм. Энэ их зөв алхам болсон. Хөлбөмбөгт байдаг стратеги, тактикийн асуудал шатарт ч мөн байдаг нь олзуурхууштай. Ахыгаа яаж ч чадахааргүй болтол хожих мэдрэмж их догь. Тэгээд барайсан царайг нь харах бахтай.

Хамгийн гол нь бид гурав гурвуулаа хамтдаа шатар тоглоно. Ах нар минь миний хувьд ах биш найз минь юм. Хожим “Ливерпүүл”-ийн академид дажгүй сайн тоглоод эхлэхэд Тайлер, Марсель хоёр миний замыг бүрэн нээж өгөхийн тулд өөрсдийн хүслээ золиослосон юм даа. Надад мэргэжлийн хөлбөмбөгч болох найдлага арай илүүг ах нар маань ойлгож мэдээд өөрсдийгөө татаж авсан гэх юмуу даа. Аав ээж хоёр ч гэсэн.

Энэ бүхэн яаж мэдэгдэх вэ гэвэл хоёр ах тоглолттой байхад ээж зөвхөн намайг академид амжиж хүргэж өгөх гээд тэднийг орхих жишээтэй. Ах нар ч нэг их юм ярихгүй. Үүнийх нь төлөө ах нартаа хязгааргүй ихээр баярлаж явдаг.

Ер нь миний алхам бүрт тэд хамт байж, бид хамтдаа алхсан гэж хэлж болно. Шинэ сорилт тулахад бид гурав хамтдаа туулж байлаа. 16 настайд минь нэг содон явдал тохиолдсон юм.  Стивен Жеррард дасгалжуулагчийн курст суугаад дадлага хийх ёстой болж. Тэгээд яг манай насныхны бэлтгэл дээр ирдэг юм. Над шиг тэр дошны хүүхдэд Жеррардтай тааралдана гэдэг юу болохыг тайлбарлах ч хэрэггүй биз. Хэдэн ч удаа тэрний дүрд хувирч тоглож байв даа. Бид гурвын нэг нь Нил Меллор, нөгөө нь Жеррард болсон бол үлдсэн нь тайлбарлагч болдог байлаа.

“Жеррааааааррррд! Ямар гайхалтай мөргөлт вэ!” гээд гараа алдлаад гүйчихнэ. Талбайн захад гүйн очиж буй мэтээр төсөөлнө. Тэгээд өвдгөөрөө гулсаад өгнө дөө.

Тийм болохоор бэлтгэл дээр ирсэн явдал мөрөөдлийн минь биелэл боллоо. Жеррард биднийг харж байгаа гэж бодохоор хөвгүүд бүр сандарч, би ч гэсэн тэвдэх тул юу ч ярьж чадаагүй. Бэлтгэлийн дараа бидэнтэй үлдээд талбайн хажуугаас хүссэнээр минь олон хөөргөсөн дамжуулалт өгч билээ. Би ойроос түүний бөмбөгөнд хүрэлт, техникийг сайн ажиглаж авсан. Бүгдийг нь сканнердаж буй мэтээр хуулж авахыг хичээсэн.

Мөн биеэ хэрхэн авч яваа нь анзаарахгүй байхын аргагүй. Би өөрөө яг тэр дошны хүү болохоор академийн бусад газраас ирсэн хөвгүүдээс илүү өөр гэдгээ тэр уулзалтын үеэр мөн мэдэрсэн юм. Хөгжөөн дэмжигчид, Энфилд, клуб гээд ярихдаа тэр яг миний мэдэрч буйг мэдэрч буй юм шиг санагдсан. Клуб бол гэр бүл, эв нэгдэл гэдгийг сайтар ойлго гэж хэлсэн нь миний сэтгэлийн гүнд хүрсэн юм.

Түүнээс хойш хэдэн жилийн дараагаар би нэгдүгээр багт үе үехэн дуудагдах боллоо. Олон тоглож чадаагүй ч гэсэн намайг хотынхон маань таньж эхэллээ. Нэг амралтын өдөр хотын төвийн ойролцоо явахдаа замын цаана нэг хүү “Ливерпүүл”-ийн өмсгөлтэй явааг олж харж билээ. Надаас их хол болохоор тэр хүү намайг анзаараагүй л дээ. Харин түүнийг цааш явахад араас нь харвал 66 дугаар, дээр нь Александр-Арнольд гэж бичсэн байх нь тэр. Тэр миний өмсгөлийг өмсчихсөн байна шүү дээ!

Тухайн үед би “Энфилд”-д тоглоод үзчихсэн, академид 12 жил явчихсан. Жеррардтай уулзчихсан байлаа. Мөрөөдлийнхөө нэлээд хэсгийг биелүүлчихсэн. Гэвч өөрийнхөө нэр бүхий өмсгөлтэй хүүг олж харна гэдэг сэтгэлийг минь сэртхийлгээд л явчихсан. “Би тийм залуу байлаа” гэж ярих дуртай хүмүүс олон байдаг. Гэвч би үнэхээр яг тэр хөвгүүн шиг яг тэгээд л явж байдаг хүү байсан юм шүү дээ. Одоо ч тэр чигээрээ л байгаа.

Харсан зүйлээ харимагцаа ээж аавдаа хэллээ. Гэртээ амьдрахын сайхан нь энэ. Сайхан мэдээгээ хуваалцах гэж харилцуур шүүрэх шаардлагагүй. Зүгээр л унтахынхаа өмнө хэлчихээд л инээмсэглээд өрөөндөө орох.

Одоо ч гэсэн 66 дугаартай өмсгөлтэй хүү харахаар сэтгэл минь сэргэж, бүжиглэдэг. Миний өмсгөлтэй хүн бүрийн өмнө би өртэй шүү. Би тэр хүн бүрт хамгийн сайн сайхныг хүргэх ёстой. Яагаад гэвэл би тэд нарын нэг хэсэг. Бид нэг гэр бүл.

Манай дасгалжуулагч ч биднийг нэг гэр бүл гэдэг. Юрген Клоппыг хараад хүмүүс түүнийг мэддэг шиг, ямар хүн гэдгийг нь мэдэрч байгаа юм шиг санагддаг байх. Гэвч бас өнгөц анзаарагдахааргүй зүйл бий.

дасгалжуулагчдын багийнхан өдөр бүр бидэнд хэрхэн ажиллах, хэрхэн бэлтгэл хийх, цаашид хэрхэхийг хэлж, чиглүүлж өгдөг болохоор л бид хэмнэлээ алдалгүй тоглосоор байгаа юм. Өдөр бүр шүү. Бусад дасгалжуулагчдаас ялгардаг зүйлийг нь ч бид мэднэ.

Биднээс фанатуудын төлөө тоглохыг хүсч шаарддаг юм. Итгэмээргүй ч гэсэн үнэн. Бидний тоглолтын арга барил яг л миний багаасаа хүссэн тэр зүйл. Ингэж л бид хүсэл тэмүүллээ нэг дор нийлүүлэн урагшилж байгаа.

Ийм тулдаа л бид “Барселона”-д 3:0-ээр хожигдсон хэрнээ сэтгэл санаагаар тэгтлээ уналгүй /энэ бол наргиа шүү Үнэхээр хэцүү байсан/ босч ирсэн юм. Тэр орой бид өөрсдөдөө л итгэсэн юм гэж хэлье. Энфилд бол цайз гэж бид сэтгэлдээ сүндэрлүүлсэн, тэгээд фанатуудын хүсэл зоригоор улам бэхжүүлсэн юм. Жини талбайд гараад хоёр гоол оруулахад би хожно гэдгээ ойлгосон. Стадионы агаарт хожлын үнэр түгж байлаа. Хожил цаг хугацааны асуудал болсон. Дивокт дамжуулалт өгсөн тэр булангийн цохилтын тухай хүмүүс надаас их асуудаг юм. Гайхалтай түүх сонсоно гэж найддаг байх л даа. Үнэндээ тэр бол бидний зан чанарын л тусгал болохоос урьдчилан бэлтгэсэн гэрийн даалгавар биш ээ. Бид бэлтгэл дээр минут тутамд хөлсөө дуслуулан, ухаанаа уралдуулан ажилладаг. Бид өөрсдийгөө шавхаж, чадах бүхнээ хийдэг. Бид өөрөөр ажиллаж мэдэхгүй. Тэр гоолын ганц нууц нь гэвэл бөмбөгийг хаалганд оруулах хамгийн өндөр боломжтой нь Дивок л байсан юм. Хөлбөмбөг дэх хамгийн тайван амгалан хүн бол Дивок. Үргэлж тийм байдаг.

Тоглолтын сүүлчийн шүгэл тасхийсний дараагаар фанатууд руу гүйн очсон тэр мөч бол миний хөлбөмбөгчийн замналын хамгийн сайхан нь.

You`ll Never Walk Alone-оо дуулахад миний дотор хүн надад “Би үнэхээр энд байна, энэ агшинг мэдэрч байна” гэж хэлж билээ. Энэ дуу намайг зургаан настайгаас л илбэдсэн. Тоглолтын дараа аав ээждээ очлоо. Тэдэндээ тавтай сайхан амрахыг хүсээд өрөөндөө орлоо.

Тэгээд хэвтэж хэвтэж, 4 цагийн үед дугхийж чадсан.

Тэр орой хичнээн гайхамшигтай сайхан ч бид зорилгодоо хүрч амжаагүй байлаа. Жилийн өмнө Киевд болсон финалд хожигдсон гашуун туршлага, сургамж ч байлаа. Тэр тоглолтоос бид финалд хэрхэн ялалт байгуулдгийг сурч авсан юм. “Реал Мадрид”-ынхан яаж аварга болдгийг бидэнд тод томруунаар харуулсан. Тэдний хожилд үнэндээ аз нөлөөлөөгүй.

Ялангуяа гурав дахь гоолоо оруулсных нь дараа бид бөмбөгөө ч эргүүлж авч чадахаа больчихсон. Энэ бол том ялагдал. Гэхдээ үүнд бас адислал байсан шиг. Өнгөрсөн улиралд бид “Реал Мадрид” өрсөлдөгчидтэйгээ яаж тоглосон яг түүн шиг л тоглосон. 1:0, 2:0-ээр хожиж яваад л тоглолтын хувь заяаг шийдсээр байлаа. Үүнийг бид тэднээс сурсан юм.

Финалыг хүлээн суухад тархинд хөлбөмбөгийн орчин, дуу чимээ, түжигнэж, түгшүүр төрнө. Түүндээ бүрэн автаад ой санамж маань арилчихсан мэт. Дивок хоёр дахь гоолоо оруулсны дараагаар л сая би ухаан орж, ой санамж минь сэргэх шиг болсон. Тэгээд ухаан сэхээ авмагцаа фанатуудын баярласан царайг харахаар булангийн туг руу гүйсэн юм. Ром, Лондон, Парис тэгээд дахиад Ром. Стамбул. Харин одоо Мадрид. Энэ хотуудыг бид бүхий амьдралынхаа турш санан дурсах болно.

Гэр бүлийнхэн минь баяр хүргэхээр талбай дээр бууж ирэхэд чанга тэврэлдэж, багагүй нулимс урсгасан даа. Харин Аваргуудын лигийн цомыг дээш өргөхдөө би юу бодохоо мэдэж байлаа.

“Бид чадлаа. Бид түрүүллээ. Цэцэрлэгт хүрээлэнгээс Аваргуудын лигийн цомд хүрэх энэ замын турш бид бүгд хамтдаа байлаа” гэж би бодсон. Үүнээс хойш 24 цагийн дараа гэхэд Ливерпүүлийн гудамжаар баярын жагсаал хийж байлаа. Гэхдээ 2005 оны тэр маршрутаар яваагүйг хэлэхэд жаахан тиймхэн л байна. Яг манай гудамжаар яваагүй л дээ. Ийм юм байж болно гэж үү? Яагаад ингэснийг хэн нэгнээс асуух ёстой юу...Гэхдээ яах вэ, гэртэй минь ойрхон өнгөрсөн. Манай дүүрэг рүү автобус орж ирэхэд би 2005 онд ах нартайгаа баярлан хөөрч хүлээн зогссоноо дурсан бодсон. Тэгээд хэдэн зуун Трент Александр-Арнольдын нүдний өмнүүр явж буй мэт санагдаж билээ. Хэдэн мянган охид, хөвгүүдийн өмнүүр. Хүүхдүүдэд би хоёр л зүйл хэлье.

Нэгд, мөрөөдөлдөө хүрэхийн тулд чадах бүхнээ хийгээрэй. Хэрвээ тэгж чадвал хэзээ нэгэн цагт мөрөөдөл чинь биелнэ. Хэн хүн юу хэлж, яаж ч үгүйсгэж байлаа гэсэн битгий бууж өгөөрэй.

Хоёрт, хаанаас ирсэн, хэн болохоо хэзээ ч битгий мартаарай. Мөн амжилтад хүрэхэд тань тусалсан хүмүүсийг хэзээ ч битгий мартаарай.

Таныг хүндэтгэсэн

Трент Александр-Арнольд"

 

Орчуулсан Р.Гэгээ

 

 

[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах