Дарь-Эх орчмыг дэд бүтцийн сүлжээнд бага зардлаар холбох боломжтой
Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжлийн форумын урьдчилсан хэлэлцүүлгийг хийж буй. Энэ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тэргүүтэй албаныхан Дарь-Эх орчмын бүсийн хөгжлийн асуудлаар Баянзүрх дүүргийн төрийн албан хаагчидтай уулзлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:
-Одоогоос 24 жилийн тэртээ Улаанбаатар хотын хүн ам 700 мянга байсан бол өдгөө 1.7 саяд хүрээд байна. 24 жилийн хугацаанд нэг сая хүн ам нэмэгджээ. 1970-аад оны сүүлээр тухайн үеийн ЗХУ-ын эрдэм шинжилгээний байгууллага өнөөгийн Улаанбаатар хотын дөрөвдүгээр ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байсан. Уг ерөнхий төлөвлөгөөгөөр Улаанбаатар хотын нийт хүн ам 650 мянга орчим, автомашины дээд хязгаар 85 мянга орчим байхаар төлөвлөж, өнөөгийн хотын авто замын сүлжээ, дэд бүтцийн эх үүсвэр, шугам сүлжээг зураглан, төлөвлөж өгсөн. Гэтэл өнөөдөр 85 мянган машин зорчих авто замын сүлжээн дээр 720 мянган машин зорчиж, 650 мянган хүн ам амьдрах хотод 1.7 сая хүн амьдарч байгаа юм. Энэ нь одоогийн бүх асуудал, бухимдлын эх үндэс болсныг бүгд мэдэж байгаа. Засгийн газраас дэвшүүлж байгаа “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” хөтөлбөрийн гол цөм нь зөвхөн Улаанбаатар хотын асуудлыг шийдэх биш хөдөө, орон нутагтай нь хамт бүсчлэн хөгжүүлэх юм. Үүнтэй уялдаж Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжлийн форумыг гуравдугаар сарын 21-22-нд зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжлийн форумаар дөрвөн үндсэн асуудлыг танилцуулах аж. Тодруулбал,
- Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө,
- Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг хэрхэн бий болгох,
- Улаанбаатар хотын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчилсэн өөрчлөлт буюу нийслэлийг 40 дүүрэгт хуваан, бүсчилсэн байдлаар хөгжүүлэх,
- Холбогдох хууль, эрх зүйн орчны шинэчлэлийн тухай танилцуулах аж.
Уулзалтын үеэр Баянзүрх дүүргийн төрийн албан хаагчид бүсчилсэн хөгжлийн талаар сэтгэгдлээ хуваалцсан юм.
Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Б.Ганбат:
-Баянзүрх дүүрэг нь гурван жижиг аймгийг нийлүүлсэн хэмжээний том газар нутагтай. Дүүргийн боловсролын хэлтэс л гэхэд төр, хувийн хэвшлийн 70 сургууль, 185 цэцэрлэг буюу нийт 255 нэгжийг удирдлага, арга зүйгээр хангадаг. Гэтэл тус хэлтэс нь 12 хүний орон тоотой ч 10 хүн ажиллах жишээтэй. Тиймээс бидэнд бүсчилсэн хөгжил хамгийн хэрэгтэй. Бүс бүсээр нь хувааж чадвал төрийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжид ойртуулахад дөхөм болно гэж үзэж байна.
Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны Засаг дарга Б.Хасбаатар:
-Бүсчилсэн хөгжил бол хамгийн зөв шийдэл. Жишээлбэл, Баянзүрх дүүрэг 500 мянга орчим хүн амтай. Харин Дарь-Эхийг нэг дүүрэг болгож хөгжүүлбэл хүн амын тоо нь 65-70 мянга орчим байна. Том дүүргийн иргэд маш хол явж төрийн үйлчилгээ авах шаардлага үүсдэг. Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулан, шуурхай хүргэж чадвал иргэдийн сэтгэл ханамж ч өндөр байна. Мөн төрийн албан хаагчийн ажлын ачаалал жигд хуваарилагдах болов уу гэв.
Баянзүрх дүүргийн 2, 27, 30, 31 дүгээр хороо буюу Дарь-Эх орчмын бүсэд 53,943 иргэн оршин суудаг. Дарь-Эх нь хотын төвтэй ойр, гэр хорооллын бүс учир газрын үнэлгээ өндөр, зам дагуу жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгч олонтой. Иймд дэд бүтцийн сүлжээнд бага зардлаар холбогдох боломжтой бүс юм.
Сэтгэгдэл үлдээх