Допингтой хөлбөмбөгчид буюу Марадона, Гвардиола, Муту нарын дуулиан
Бодит ертөнцөөс богинохон ч гэсэн хугацаанд холдож, сэтгэлийн хувийн амирландаа жаргахын тулд хүмүүс согтууруулах ундаа юмуу хар тамхины төрлийн зүйл хэрэглэдэг гэдэг.
Спортод бол согтууруулах ундааны төрлийн зүйл хөвчирсөн булчинг суллаж, эрч хүчийг үлэмж бууруулдаг учир ямар ч ашиггүй эд. Харин хар тамхины төрлийн эм бэлдмэлүүд бол допингт хамаарч, хориглогдсон байдаг.
Гэлээ ч орчин цагийн хаан спорт болох хөлбөмбөгт допинг огт байхгүй гэж хэлэхийн аргагүй. Хөлбөмбөгийн түүхийг харвал, алдартай хөлбөмбөгчдийн намтрыг уншвал тэндээс допинг хааяа “үнэртэх” нь бий.
Хэдхэн хоногийн өмнө 60 насны босго давсан домогт Диего Армандо Марадона Италийн Неаполийн хаан гэгдэж, “Наполи”-г Европын цомын тэмцээнд түрүүлгэж байхдаа хар тамхинд хахаж байсан гэдэг. Хааныг хамгаалахын тулд Неаполийнхон эрвийх дэрвийхээрээ хичээж, хууль хяналтын байгууллагынхныг “хулхидаж”, эрхтэнд нь хүртэл өөр хүний шингэнтэй нэмэлт хиймэл эрхтэн урлаж углаж өгч байсан түүхтэй.
Үр дүндээ 1986 оны ДАШТ дээр галзуурсан Диего Марадона дөрвөн жилийн дараагаар танигдахын аргагүй суларч талбайд гарсан юм. Гэлээ ч байгалиас заяасан гайхамшигтай чадвар нь хаачих билээ. Багаа ахласаар 1990 оны ДАШТ-ийн финалд хүрсэн түүхтэй. Үүнээс хойш Марадона бүр болив. 1994 оны ДАШТ-д Марадона өмнөх алдар гавъяаныхаа үрээр зүгээр л үзүүлбэр өнгөрөөхөөр шигшээдээ дуудагдсан гэж хэлж болно.
Хэсэгтээ Грекийг бут ниргэсэн тоглолтод Марадона гоол оруулчихаад телевизийн камерын өмнөөс нүдээ эргэлдүүлэн амаа ангайлган хашгирахад фанатууд нь баярлаж бахдсан биз. Харин Допингийн эсрэг төвийнхөн түүний нүдний хүүхэн хараа, ааш авирыг анзааран ширтээд, “Энэ чинь допинг хэрэглэхщчихсэн юм биш үү?” гээд сэжиглэжээ. Ингээд шалгатал үнэхээр допинг гарах нь тэр. Үүний улмаас тэр ДАШТ ч өнгөрч, олон сарын турш хөлбөмбөг тоглох эрхээ хасуулсан учир Марадонагийн замнал ч өндөрлөсөн. Марадонагаас допинг илэрсний дараагаар Клаудио Канижиаг мөн Аргентины шигшээд тэр ДАШТ-д гаргаагүй юм. Учир нь Канижиагаас бас допинг гарчихаж магадгүй гэж хаширласан хэрэг.
Тухайн явдлын талаар Аргентины шигшээ багийн массажчнаар ажиллаж байсан Ди Лоренцо хожим дурсахдаа “Диегогийн тэр допинг гэдэг бол үнэндээ их харамсмаар юм болсон шүү. Би Канижиад массаж хийгээд сууж байтал шигшээ багийн хоол хүнс хариуцсан мэргэжилтэн орж ирснээ “Энийг Марадонад өгчихөөрэй” гэсэн юм. Би ямар эм гэдгийг нь мэдэхгүй шууд л аваачаад өгчихсөн. Тэгсэн эфедрин байсан юм билээ. Хар тамхины төрлийн зүйл биш ч гэсэн эрч хүч нэмдэг эм л дээ. Хэрвээ эфедрин гэж мэдсэнсэн бол би яах гэж өгөх билээ. Түүний хар гайгаар л Марадона 15 сар хөлбөмбөг тоглох эрхээ хасуулчихсан юм даа” гэж ярьсан байдаг.
Эдүгээгээс 19 жилийн өмнөх яг энэ өдөр буюу 2001 оны арваннэгдүгээр сарын 4-нд Пеп Гвардиола хэвлэлийн хурал зарлаж, шуугиан тарьж байлаа. Италийн “Брешиа”-гийн хагас хамгаалагч Гвардиолагийн допингийн шинжилгээ эерэг гарч, нандролон илэрчээ. Нандролон бол булчингийн массыг нэмж, эрч хүчийг сайжруулдаг бодис.
“Намайг Гвардиола гэдэг. Намайг нандролон хэрэглэсэн гэсэн хариу гарчээ. Энэ бол ор үндэсгүй гүтгэлэг. Долоон жилийн турш хамтран ажиллаж буй эмч Рамон Сегурагийнхаа зөвлөгөөгөөр би витамины комплекс л уудаг. Өөр хүч оруулах төрлийн зүйл огт хэрэглэдэггүй. Хөлбөмбөгчийн замналынхаа туршид би допингийн шинжилгээн 60 гаруй удаа өгсөн. Нэг ч удаа эерэг гарч байгаагүй. Би өөрийнхөө гэм буруугүйг нотолно” гэж хэвлэлийн хурал дээр Гвардиола тэгэхэд мэдэгдсэн юм.
Тухайн цагт Италид допингийг эрүүгийн хэрэгт хамруулан үздэг байлаа. Шүүх хурал ч болж, Гвардиолад долоон жилийн ял оноож, мөн мөнгөн торгууль тавьсан юм. Гэхдээ Италид анх хэрэг хийсэн хүнийг шоронд хорьдоггүй, тэнсэн харгалзах ял оноодог тул Гвардиолад санаа зовох юм үнэндээ байсангүй. Гэхдээ допинг хэрэглэсэн гэх шалтгаанаар хөлбөмбөг тоглох эрхийг нь дөрвөн сараар хассан түүхтэй.
“Хэрвээ үнэхээр намайг гэм буруутай гэж үзэж буй юм бол дөрвөн сараар биш хоёр жилээр тоглох эрхийг минь хасаач” гэж Гвардиола тэгэхэд эгдүүцэн мушилзаж суужээ. Ингээд дөрвөн сар өнгөрсний дараагаар дахин талбайдаа гарч, улирлыг өндөрлүүлсэн байдаг. Гэхдээ Гвардиола хэлсэндээ хүрч, олон жилийн турш допинг хэрэглээгүй гэдгээ нотлохыг зорьсоор эцэстээ Италийн шүүхээс цагаатгагдсан юм.
Италийн “Парма”-д Адриан Муту хэмээх аймшигтай сайн румын довтлогч 2000-аад оны эхээр гарч ирж шуугиуллаа. Роман Абрамович тэр үед Английн “Челси”-г худалдаж аваад, хөлбөмбөгийн ертөнцөд ноёлох баг байгуулахаар хөрөнгө мөнгийг гамгүй цацаж эхэлсэн тул Адриан Мутугийн төлөө 23 сая паундыг дуун дээр нь гаргасан юм.
Гэвч Лондоны багт ирээд тун удалгүй Муту хар тамхи хэрэглэсэн нь илэрч, улмаар “Челси” түүнтэй гэрээгээ цуцлахад хүрсэн. Мэдээж, гэрээ зөрчиж олон сая паундын алдагдалд оруулсан тул Мутугаас “Челси” мөнгөө буцааж авахаар шүүхэд хандсан. Муту хөрөнгийн чадваргүй гэх шалтгаанаар тэрхүү мөнгийг эргүүлэн өгөхийн тулд олон жил луу унжсаар саявтархан нэг гүйцээж буй сураг дуулдсан билээ.
Гвардиолагаас допинг илэрсэн 2001 оны аравдугаар сарын сүүлчээр Италийн “Лацио”-д тоглож байсан Яп Стам, Фернанду Коуту нараас ч мөн допинг илэрсэн юм. Тэгээд хоёлангийнх нь тоглох эрхийг 5-7 сараар хассан байдаг.
Голландын шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг ажлын аваад тун удаагүй яваа Франк Де Бур ч мөн 20 орчим жилийн өмнө допингтой нэр холбогдоод авсан удаатай. “Би мэргэжлийн тамирчин хүн. Хэзээ ч допинг санаатайгаар хэрэглэхгүй. Энэ бодис миний биед яаж орсныг хэлж мэдэхгүй байна” хэмээн де Бурын өгүүлсэн нь орчин цагийн зарим монгол бөхчүүдийн хэлж буйтай үг өгүүлбэр яг таарч байгаа юм.
SkySports-ийн экспертээр олон жил ажилласан, “Арсенал”-ын тоглогч явсан Пол Мерсон бол хар тамхины хамааралд олон жил байсан хүн. Түүнийг эдгээж, эрүүл амьдралын замд нь дахин гаргахын тулд Английн Хөлбөмбөгийн Холбоо хорт зуршлаас ангижруулах сургалтад гурван сар хамруулж байсан удаатай.
Колумбын домогт хаалгач, “хилэнцийн цохилт”-ын эзэн Рене Игита ч допингийг тойрч биш дайрч өнгөрсөн нэгэн. 2004 онд Эквадорын “Аукас”-т тоглож байхдаа шинжилгээ нь эерэг гарснаар үндсэндээ хаалгачийн замнал нь замхарсан юм.
Допингийн шинжилгээний хариу нь эерэг гарахаас гадна мөн допингийн шинжилгээ өгөхөөс татгалзах, допингийн офицерт байгаа газраа худал мэдүүлбэл түүнийг допинг хэрэглэсэнд тооцдог журамтай. Рио Фердинанд допингийн шинжилгээ өгөөгүй тул хөлбөмбөг тоглох эрхээ олон сараар хасуулж, 2004 оны Европын АШТ-ийг өнжихөд хүрч байлаа.
Хөлбөмбөгийн хорхойтнуудын сайн мэдэх нэрсүүдийг допингтой хэрхэн холбогдсоныг цухасхан дурьдахад ийм буюу.
Р.Гэгээ
[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]
Сэтгэгдэл үлдээх