ДЭМБ-ын COVAX хөтөлбөр зогсвол буурай орнууд 2024 оноос нааш вакцин хүлээн авах боломжгүй болно
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус бага орлоготой орнуудад коронавирусний вакциныг хангалттай нийлүүлэхгүй байгаад ихээхэн санаа зовниж байгаагаа илэрхийллээ. Мөн цар тахлыг дуусгахад вакцины тэгш бус хуваарилалт ихээхэн саад болж байна хэмээн үзэж байгаа юм байна.
Тодруулбал... өндөр орлоготой орнуудад вакцины 39 сая гаруй тунг хийгээд байгаа бол нэгэн ядуу оронд ердөө 25 тунг тарьжээ. Энэ нь коронавирусээс сэргийлэх вакцины хуваарилалт жигд бус явагдаж байгааг илтгэх бөгөөд гагцхүү чинээлэг орнууд л вакцин авах боломжтой байна.
ДЭМБ-ын тэргүүн "улс орнууд нэн тэргүүнд эмнэлгийн ажилтнууд болон ахмад настнуудаа вакцинжуулж байгааг зөв зүйтэй гэж үзэж байгаа. Гэхдээ арай орлого багатай орнуудын эрүүл мэндийн ажилтнууд болон ахмад настнуудын оронд чинээлэг орнуудын залуу, эрүүл хүмүүс түрүүлж вакцин тариулж байгааг зөв зүйтэй гэж хэлэх боломжгүй. Дэлхий дахин ёс суртахууны сүйрлийн ирмэгт тулж ирээд байна. Үүний төлөөсийг дэлхийн хамгийн ядуу буурай орнууд иргэдийнхээ амь нас, амьжиргаагаар төлнө" хэмээн мэдэгджээ.
Улс орнууд ДЭМБ-ын буурай орнуудад коронавирусийн вакциныг хүргэх тусгай хөтөлбөр болох COVAX хөтөлбөрийг тойрч, дарааллын урдуур орохыг хичээж байгаа гэнэ. Гэвч улс орнуудтай гэрээ хийхэд гарсан асуудал, вакцины нийлүүлэлт тасарсан болон санхүүжилт дутагдсаны улмаас COVAX хөтөлбөр тасалдаж магадгүй гэнэ. Ингэснээр дэлхийн хэдэн тэрбум хүн 2024 оноос нааш вакцин хүлээн авах боломжгүй болох эрсдэлтэй тулаад байгааг дэлхийн томоохон хэвлэлүүд нийтэлж байна.
Сэтгэгдэл үлдээх