Цэс Close

Дүрвэгч тамирчин бүсгүй Али Зада: Намайг дугуй унаж явахыг хараад эрчүүд чулуу шиддэг байлаа!

Токиогийн Олимпын наадамд 205+1 улс оролцож байгаа. Тэр +1 бол Дүрвэгчдийн багийнхан. Энэ багт Афганистан, Сири, Конго, Эритреа, Венесуэл, Судан, Өмнөд Судан, Камерун, Иран болон Иракаас дүрвэсэн тамирчид багтсан юм. Энэ тамирчин бүрт өөрийн гэсэн амаргүй түүх бий.

Дэлхийд нийтдээ 82 сая дүрвэгч байдаг гэсэн тоо бий. Тэгвэл тэднийг төлөөлж Олимпын наадамд оролцож буй нэгэн бол афган бүсгүй Масома Али Зада юм.

Масома Афганистанд төрсөн. Бага насандаа улстөрийн хурцадмал байдлаас болоод Иранд гэр бүлийнхээ хамт хэсэг амьдарсан ч 10 насандаа Кабулд буцан очжээ. “Кабулд эмэгтэй хүн спортоор хичээллэнэ гэдэг бараг бүтэшгүй зүйл. Дугуй унаад явахад л эрчүүд хараад дургүйцнэ. Тэгээд шууд чулуу шидэж хөөнө, хараана. Тэднийхээр бол эмэгтэй хүн дугуй унах нь уламжлал, ёс заншлыг нь доромжилж буй хэрэг гэнэ. Үнэндээ бол эмэгтэй хүн дугуй унахыг хараагүй болохоор эвгүй, хачин л санагдсан хэрэг. Тэрнээс уламжлал, ёс заншилтай хамаагүй” хэмээн Али Зада өгүүлж байна.

Али Зада Токиогийн олимпын дугуйн замд гарч уралдсан ч хамгийн сүүлчийн байрт орсон. Гэвч тэр сэтгэлээр унах битгий хэл, харин ч бүр бахархалтай ярьж байна. “Олимпын наадамд оролцоно гэдэг л миний хувьд ялалт. Эмэгтэйчүүд дугуй унах ёсгүй гэж үздэг тэр хүмүүст л би харуулах гэсэн юм. Ер нь эмэгтэйчүүдийн эрхийг хааж боох эрх хэнд ч байхгүй. Хэрвээ та нар бидний эрхийг хязгаарлавал бид эрх чөлөөгөө олохын тулд тэмцэх болно” хэмээн тэрбээр өгүүлжээ.

Олимпын аварга, Их Британийн дугуйчин Брэдли Уиггинс афган бүсгүйгийн талаар “Өсвөр насандаа Кабулд дугуй унаж, эрчүүдэд чулуугаар шидүүлж явсан охин гэж байна шүү дээ. Дугуй унаад явж байхыг нь хараад нүд нь орой дээрээ гарч байсан хэрэг. Төсөөлөх ч аргагүй юм. Энд хэддэгүүр байрт орсон, ямар цагт хурдалсан гэх мэт зүйлс ямар ч хамаагүй. Энэ бүхнийг даван туулж энд ирсэн нь ялалт” гэжээ.

Али Зада одоо Францад амьдардаг. Мэдээж афган бүсгүйн хувьд эх орноо төлөөлөн Олимпын наадамд оролцохыг хүссэн нь дамжиггүй. “Харамсалтай нь би дүрвэгч болохоор эх орноо төлөөлөх боломж олдсонгүй. Гэхдээ дэлхий даяар тархсан дүрвэгчдийг төлөөлж буйдаа баяртай байна. Энэ олон сая хүн янз бүрийн шалтгааны улмаас эх орноосоо дүрвэн гарсан. Тэд шинэ улсад очиж, шинэ соёл, орчинд орж, шинэ хүмүүстэй танилцаж, хөдөлмөрлөж, хичээн зүтгэж яваа. Тэдэнд сурах, сайжрах, сайхан амьдрах боломж байгаа нь сайхан” хэмээн Али Зада өгүүлжээ.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах