Цэс Close

ФОТО: “Паркаа хамтдаа бүтээе” төслийн бүтээн байгуулалт эхэллээ

Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн буюу Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2га талбайд Рио Тинто Монгол компаниас ногоон цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар ажиллаж байна. Энэхүү “Паркаа хамтдаа бүтээе” төслийн бүтээн байгуулалтын ажлыг 5-р сарын 26-ны өдөр эхлүүлжээ.

Тус компаниас өгсөн мэдээллээр бүтээн байгуулалт дараах үе шатуудаар хийгдэнэ.

  1. Ажлын талбайг бүтээн байгуулалтад бэлдэх, аюулгүйн түр хашааг босгох – Одоо байгаа хашааны хуучин хана суурийг буулгаж шинэчлэх, явган замыг өргөжүүлэхэд шаардлагатай нураалт, цэвэрлэгээг хийх.
  2. Ногоон байгууламжийн хатуу дэд бүтцийн угсралтыг гүйцэтгэх – батлагдсан зураг төслийн дагуу ая тухтай алхах явган замууд, ногоон байгууламжийн усалгаа болон цэцэрлэгт хүрээлэнгийн гэрэлтүүлэг, ариун цэврийн байгууламж зэрэг газар шороо, барилгын ажлыг явуулах.
  3. Зөөлөн дэд бүтэц болох цэцэрлэгжилтийн ажил – Нийт 40000 гаруй мод бутыг үе шаттайгаар тарьж, 8 га газрыг зүлэгжүүлэн талбайн 80%-ийг ногоон байгууламж болгоно.
  4. Тохижилт хийх – барилга угсралт, цэцэрлэгжилтийн ажлуудыг хийж дуусгаад иргэдийн тухлах сандал, сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай зэрэг бусад тохижилтыг ажлыг хийж гүйцэтгэнэ.
  5. Арчилж тордох – Төслийн ажил нийтдээ 4 жил үргэлжлэх бөгөөд цэцэрлэгт хүрээлэнг тогтвортой, урт хугацаанд өөрөө өөрийгөө нөхөн сэргээх чадвартай болох суурийг тавьж, арчилж тордоно.

Энэхүү бүтээн байгуулалтад 100 хувь үндэсний компаниуд оролцож байгаа гэдгээрээ онцлогтой. Дээрх 5 үе шатын дараа ОЛОН НИЙТИЙН НОГООН ОРОН ЗАЙ бий болж, иргэдийн буюу нийтийн өмч болох юм.

Олон нийтийн ногоон орон зайн ач холбогдол

Олон нийтийн орон зай бий болсноор эрүүл мэнд талаас иргэдийн стресс буурч, сэтгэл санаа тайван болж, сэтгэл ханамжийн түвшин нэмэгддэг бол нийгмийн хүчин зүйлс талаас иргэдийн дунд шинэ соёл дэлгэрч, нийгмийн ялгаатай байдал буурч, нэгдмэл байдал дэмжигдэж эхэлдэг аж.

“Паркаа хамтдаа бүтээе” төсөл амжилттай хэрэгжсэнээр нийслэл хотод олон нийтийн маш том талбай бүхий ногоон орон зай бий болох бөгөөд үүний үр дүнд иргэдийн амьдралын чанар сайжирч, агаар орчны бохирдол буурах зэрэг олон талт ач холбогдолтой юм.

Төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.parkrio.mn вэбсайтад байршуулжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах