Цэс Close

Д.Загджав: Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлснээр Монгол улсын эрүүгийн ялын бодлогыг шинэчлэх суурь тавигдлаа

Эрүүгийн хуульд ялын нэг төрөл болж орсон зорчих эрхийг хязгаарлах ялыг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Уг ялын хэрэгжилтийн талаар ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджавтай ярилцлаа.

Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ял энэ оны эхээр хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжээд өнөөдрийг хүртэлх хугацаанд хичнээн хүн тус ялаар шийтгэгдээд байна вэ?

Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуульд Зорчих эрхийг хязгаарлах ял шинээр тусгагдсан хэдий ч тус ялыг энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж байна. Хуулиндаа 206 төрлийн гэмт хэрэгт оногдуулахаар зохицуулсан. Зорчих эрхийг хязгаарлана гэдэг нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхээс нэг сараас таван жил хүртэлх хугацаагаар өөрийн оршин суух газраас явах, тодорхой газар очихыг нь хориглож, тогтоосон чиглэлээр зорчих үүрэг хүлээлгэхийг хэлж байгаа юм.  Зорчих эрх хязгаарлах ялыг хэрэгжүүлснээр Монгол Улсын Эрүүгийн ялын бодлогыг шинэчлэх суурь тавигдлаа.

Өнөөдрийн байдлаар Шүүхийн байгууллагаас нийт 22 ялтанд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Үүнээс 3 ялтны ялын хугацаа дуусч, 1 ялтны ялыг хорих ялаар сольж, 18 ялтанд хяналт тавин ажиллаж байна. Зорчих эрхийг хязгаарлах ялын ялаар Нийслэл дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 3, орон нутагт нийт 15 ялтан ял эдэлж байгаа. Эдгээр ялтнуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 11 газар, хэлтэс хяналт тавин ажиллаж байна.  

Тус ялын нийгэмд болон хувь хүнд үзүүлж буй ач холбогдлын талаар танилцуулаач?

Хэрэгт холбогдсон хүний зан төлөв, үйлдсэн гэмт хэргийн байдал, нийгэмд учруулсан хор уршгийг харгалзан үзнэ. Заавал хорих ял оноож, бусад гэмт хэрэгтнүүдтэй хорихгүй. Ингэснээр хорих ялын тоо буурахаас гадна давтан гэмт хэргийн тоо ч буурна. Энэ ял тухайн хүний өөрийнх нь нийгэмд болон гэр бүлдээ хүлээж байгаа үүрэгтэй салшгүй холбоотой юм. Нийгэм, хамт олныхоо дунд ажил хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох, гэр бүл үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэх боломж бүрдэж байгаа юм. Мөн эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй.

Зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтэд хэрхэн хяналт тавьж байна вэ?

ШШГЕГ-ын харьяа Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба нь Нийслэл болон орон нутаг дахь ШШГГ-т ажиллаж буй эрүүгийн шийдвэр гүйцэтгэгч нарыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, Улсын хэмжээнд ялын хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг. Харин шийдвэр гүйцэтгэгч нар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн ялтны дэлгэрэнгүй бүртгэлийг хөтөлж, техникийн зааварчилгаа өгөхөөс гадна хувийн баталгаа гаргуулан авдаг. Түүнчлэн цахим бугуйвчны нөөц цэнэг хураагуур, цэнэглэх залгууруудыг хүлээлгэн өгч, хяналтын цахим программд бүртгэдэг. Үүний дараа  шүүхийн шийдвэрт заасны дагуу зөвшөөрсөн, хориглосон бүс, явах чиглэлийг тогтоож, “Цахим хяналт, удирдлагын төв”-өөс 24 цагаар хяналт тавьдаг. Техникийн хяналтаас гадна шийдвэр гүйцэтгэгч нар биечилсэн хяналтыг давхар тавьж ажилладаг. Цахим хяналтын төв Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар дээрээ байрладаг.  

Шүүхээс ямар төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ төрлийн ялыг оноож байна вэ?

Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдсэн ялтны дийлэнх хувь нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх, зөвшөөрөлгүй улсын тусгай хамгаалалттай газар нутгаас мод бэлтгэх журам зөрчсөн, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулж, залилах, хулгайлах гэмт хэрэгт холбогдож шийтгэгдсэн хүмүүс байгаа.  

Цахим бугуйвч зүүсэн хүн дахин зөрчил гаргах, оргох, зугтах зэрэг асуудал үүсгэвэл ямар арга хэмжээ авах вэ?, эвдэж, гэмтээсэн тохиолдол гарсан уу?

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд энэ талаар нарийвчилсан зохицуулалт оруулсан. Шүүхээс оногдуулсан хязгаарлалтын дагуу хориглосон болон зөвшөөрсөн бүс, замын чиглэлийг тогтоож өгдөг. Тухайн ялтанд аюулгүй ажиллагааны болон ашиглалтын талаар тайлбар, танилцуулга, зааварчилгааг ч өгнө. Хэрэв заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчих, цахим бугуйвчийг таслах, гэмтээх зэрэг зөрчлийг гаргавал сануулга өгөх, гаргасан зөрчлөө дахин давтан гаргах, хориглолт хязгаарлалтыг ноцтой зөрчсөн тохиолдолд зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялаар солихоор хуульд заасан. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш зөрчил гаргасан 1 ялтны  9 сарын зорчих эрхг хязгаарлах ялыг 8 сар 17 хоногийн хорих ялаар сольсон.

Мөн хяналтад байх хугацаандаа тогтоосон бүсийг зөрчсөн 3 тохиолдол гарсан. Үүнийг тухай бүрт нь зөрчлийн тэмдэглэл үйлдэн, дахин зөрчил гаргахгүй байх талаар сануулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн хүрээнд гүйцэтгэсэн.

Цахимбугуйвч нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэсэн баталгааг хангаж чадаж байгаа юу?

Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхийн тулд тоног төхөөрөмжийг хаанаас авах, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй эсэх гээд тал бүрийн судалгаа хийсэн. Цаг хугацааны хувьд ч, үнэ өртөг нь ч, хэрэглэх программ хангамжийн хувьд ч БНХАУ-ын ашиглаж буй төхөөрөмж илүү тохиромжтой юм байна гэж  сонгосон.

Цахим бугуйвч нь хүний биед харшил үзүүлэхгүй материалаар хийгдсэн, ус, шороо зэрэг зүйлээс хамгаалагдсан, халуун, хүйтэнд тэсвэртэй, хөнгөн жинтэй, цэнэгээ удаан барих, цэнэглэхэд хялбар, аюулгүй байдлын үүднээс тодорхой шалгуурыг хангасан байх ёстой. Бид энэ хүрээнд  шаардлагад нийцсэн, олон улсад ашиглагдаж байгаа цахим бугуйвчуудаас сонголт хийж, ашиглаж байна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, ажил, сургуульд орох тохиолдолд хэрхэн шийдвэрлэх вэ?

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд прокурор ял эдлүүлэх нөхцөл, журмыг түр өөрчлөх болон өөрчилж болохоор заасан. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, гэр бүлийн гишүүн нь хүндээр өвчилсөн, нас барсан, гамшиг аюулт үзэгдлийн улмаас шүүхээс тогтоосон байршилд байх боломжгүй болсон, ажилд орох, сургуульд элсэн суралцах шалгалтад шүүхээс тогтоосон байршлаас бусад газарт биечлэн оролцох тохиолдолд ялтны хүсэлт, шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн прокурор 30 хүртэл хоногийн хугацаанд түр өөрчилж болно. Харин тухайн ялтан байнга оршин суух газраа өөрчлөх болсон, өөр газарт шилжин суралцах, ажиллах тохиолдолд түүний хүсэлт, шийдвэр гүйцэтгэгчийн саналаар мөн прокурор ял эдлүүлэх нөхцөл, журмыг өөрчилж болно.

Цахим бугуйвчны хүрэлцээ хангалттай хэмжээнд байгаа юу?

Бидний тооцоо судалгаагаар жилд шүүхээс 1080 ялтан тус ялаар шийтгэгдэх боломжтой гэсэн статистик судалгаа хийж, дээрх хэмжээний цахим бугуйвчийг татан авч бэлтгэсэн. Цаашид үе шаттайгаар тоог нэмэгдүүлж 3000 орчим цахим бугуйвчтай болохоор төлөвлөсөн. Өмнө хэлсэн нийт хяналтад орсон ялтнуудын 77 орчим хувьд нь 1 жилээс доош хугацаагаар ял оногдуулсан байдлаас харахад бидний тооцоолол, судалгаагаар цахим бугуйвчны тоо хангалттай хүрэлцээтэй гэж үзэж байгаа.

Бусад улс орнуудад энэ ялыг хэрхэн хэрэглэж, хэрэгжүүлдэг вэ?

Энэхүү ялыг дэлхийн 40 гаруй оронд хэрэглэдэг. Цахим бугуйвчийг анх Америкийн Нэгдсэн Улсад 1983 оноос хэрэглэж эхэлсэн байдаг. Европ тивд Англи улс 1989 онд анх нэвтрүүлж, түүнээс хойш Швед, Голланд, Франц, Бельги, Канад, Австри, Швейцар, Герман, Португали, Итали, Израиль, Эстон, Оросын Холбооны Улс 2009 онд, Ази тивд Бүгд Найрамдах Солонгос, Турк, Сингапур зэрэг улсууд 2007 оноос хэрэглэх болсон.

Бид Америкийн Нэгдсэн Улс, Бүгд Найрамдах Солонгос улс, Швейцар, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн 7 төрлийн цахим бугуйвчийг судалж  амжилттай туршсан. Тухайлбал, Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улс, Швед, Нидерланд, Норвеги гэх мэт Европын холбооны улсууд 3-12 сарын хугацаатай, БНСУ, Турк гэх мэт Азийн орнууд 3 сараас 30 жилийн хугацаагаар ялыг оногдуулж, хяналт тавьдаг. Өнөөдөр дэлхийн 30 гаруй оронд цахим бугуйвч хэрэглэгдэж байна.

Энэ чиглэлээр ажиллах мэргэжилтэн бэлтгэх, цаашлаад танай байгууллагын бүтэц орон тоонд өөрчлөлт орсон уу?

Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэх, хяналт тавих чиглэлээр 2021 оны төсөвт 60 орон тоо батлуулсан. Харьяа нэгжүүдэд техник хяналтын ажилтан, шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн орон тоог ч мөн нэмэгдүүлсэн. Орон тоог нэмэгдүүлэхээс гадна “Цахим хяналт, удирдлагын төв”-ийн инженер, орон нутагт байгаа техник хяналтын алба хаагч нараа сургалтад хамруулсан. Цаашид ч давтан сургалтуудад тогтмол хамруулахаар төлөвлөж байгаа.

Цаашид эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, өөрчлөх, шинээр журам батлах уу?

Монгол Улсад анх удаа уг ялыг хэрэгжүүлж байгаа учраас хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, дүрэм журмыг нарийвчлах ажлыг зохион байгуулах шаардлага үүссэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу энэхүү ялыг хэрэгжүүлэхтэй холбоотой 1 журмыг шинэчилж, 2 журам шинээр батлуулахаар заасан. Энэ хүрээнд “Хорихоос өөр төрлийн ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих, мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмыг 2017 онд Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын тушаалаар батлуулсан. Уг журмаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, түүнд тавих хяналтын талаарх зохицуулалтыг нарийвчлах шаардлагатай байсан учраас  энэ журамд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг боловсруулж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлээд байна.

Мөн хуулийн “Зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих тоног төхөөрөмжийн жагсаалт, тэдгээрийг ашиглах”, “Шүүхийн зарим төрлийн шийдвэрийг гүйцэтгэхэд хувийн өмчит хуулийн этгээдийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглахтай холбогдон гарах зардлыг тооцох, санхүүжүүлэх, нөхөн төлүүлэх, төлбөрөөс чөлөөлөх” журмыг батлуулж үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна.  
Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэгдсэн ялтан төлбөр төлөх зохицуулалт бүхий журам батлагдсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд шүүхийн зарим төрлийн шийдвэрийг гүйцэтгэхэд гэрээний үндсэн дээр хувийн өмчит хуулийн этгээдийн техник, тоног төхөөрөмжийг ашиглахаас гадна хувийн өмчит хуулийн этгээдийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглахтай холбогдон гарах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх, хуульд заасан тохиолдолд хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг ял шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдээр нөхөн төлүүлнэ гэсэн заалт байдаг.

Тус зардалд үүрэн холбооны сүлжээний ашиглалтын зардал, гар, хөл болон биеийн бусад хэсэгт зүүж ашиглах хяналтын тоног төхөөрөмжийн ашиглалтын зардлыг оруулахаар заасан. Өдөрт 900 орчим төгрөг байна. Оногдуулсан ялын хугацаагаар нь үржүүлж тооцно. Ахлах шийдвэр гүйцэтгэгч ямар тоног төхөөрөмж ашигласнаас хамаарч зардлыг тооцон, мэдэгдэл өгөхөөр журамласан байгаа. Өөр нэг заалт нь зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан этгээд асран хамгаалах хүнгүй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 60 ба түүнээс дээш насны, эрх бүхий байгууллагаас хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувиар алдсан нь тогтоогдсон, 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх, гурав хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх, бүтэн өнчин хүүхэд бол эрх бүхий байгууллагын дүгнэлт, холбогдох баримт бичгийг үндэслэн зардлын төлбөрөөс чөлөөлөхөөр тусгагдсан.

Хорих ангид, хичнээн хоригдол халдвар аваад байна вэ? хорих ангиудын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөөч?

Өнгөрсөн хугацаанд зарим хорих ангиудад халдвар гарсан. Зөрчлийн тухай хуулийн дагуу баривчлах шийтгэл оногдуулсан этгээдийг саатуулах байр, 409 дүгээр ангийн дамжин өнгөрүүлэх хэлтэс, мөн Цагдан хорих 461 дүгээр ангид халдвар гарсан. Өөрөөр хэлбэл өдөр тутам байнга гаднаас хөдөлгөөн хийгддэг буюу шинээр хүн хүлээж авдаг ангиудад гарсан гэсэн үг. Шинээр ирж буй хүмүүсийг нэг бүрчлэн түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулж хүлээж авч байгаа боловч анх ирэхдээ халдвар авсан нь далд хэлбэртэй байгаад хоригдсоноос хойш 3-7 хоногийн дараа шинж тэмдэг илэрсэн. Далд хэлбэрт байхдаа тухайн ойр орчимдоо халдвар тараасан гэж үзэж байна. Бусад өдөр тутам гадна орчноос хөдөлгөөн хийгддэггүй хорих ангиуд болон орон нутгийн цагдан хорих байруудад халдвар гараагүй. Нийт 345 хоригдол, хоригдогчдоос халдвар илэрснээс 282 нь эдгэсэн. Одоогоор 63 хоригдол эмчлэгдаж байна. Мөн Зөрчлин тухай хуулиар баривчлах шийтгэл авч баривчлагдсан 126 этгээдээс халдвар илэрсэн. Эдгээр хүмүүс бүгд эдгэсэн.

Халдвар авсан хоригдол хоригдогчдод ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

Цагдан хоригдогсдод эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг, ял шийтгүүлээд тогтоол хүчинтэй болсон этгээдүүдэд үйлчилдэг хоёр тусдаа эмнэлэгтэй. Мөн сүрьеэ болон бусад халдварт өвчнийг эмчилдэг ч эмнэлэгтэй. Эмчилгээг ХӨСҮТ болон бусад эмнэлгүүдэд хэрэглэгдэж байгаа эмчилгээний стандартын дагуу хийж байна. Нэмэгдэл дархлаа дэмжих хоол хүнсний асуудлыг ч гэсэн олгож байгаа. Одоогоор ямар нэгэн хүндэрсэн тохиолдол байхгүй. Хүндэрсэн тохиолдолд улсын клиник эмнэлгүүдэд шилжүүлэх гэрээтэй ажилладаг. Уг гэрээний хүрээнд Улсын төв клиникийн 3-р эмнэлэг, хоёрдугаар эмнэлэг, ХӨСҮТ-д тус бүр нэг хүн хэвтэн эмчлүүлж, эдгэрээд гарсан. Үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаагийн зэрэгцээ УОК, НОК, ХЗДХЯ тогтмол мэдээлэл солилцож, хамтран ажиллаж байгаа. ШШГБ-ын хэмжээнд халдвар гарсан тохиолдолд ажиллах хариу арга хэмжээний төлөвлөгөө батлагдсан байсан бөгөөд уг төлөвлөгөөний хүрээнд ажлаа зохион байгуулж байна. Үүнд, төвлөрсөн эмнэлгүүдээс зохион байгуулсан эмнэлгийн 3 баг тандалт судалгаа, ариутгал халдваргүйжүүлэлт, эмнэлзүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 

Улсын хэмжээнд цар тахал дэгдмэгц УОК, ХЗДХЯ-наас шуурхай арга хэмжээ авч, нийт хоригдол, хоригдогсдын99.4 хувийг 1-р тунд, 51.6 хувийг 2 дахь тунд хамруулаад байна. Дарлаажуулалтын ажил явагдаж байна. Дээрх авч хэрэгжүүлж буй арга хэмжээний дүнд хоригдлын зүгээс ямар нэг хүндрэл эрсдэл гараагүй.

Үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдаас халдвар авсан тохиолдол байгаа юу?

Өнөөдрийн байдлаар халдвар авсан 26 алба хаагч эмчлэгдэж байна. Үүнээс гадна бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллах хугацаанд хорих анги, байгууллагуудын хэмжээнд 628 алба хаагч анги, байгууллагынхаа байрлалд 14-21 хоног байрлан ажилласны дүнд хорих анги, байгууллагуудад халдвар тархахаас урьдчилан сэргийлж, үйл ажиллагааг хэвийн явагдах нөхцөлийг хангасан. Өнөөдрийн байдлаар 300 гаруй алба хаагч төвлөрөн ажиллаж байна. Нийт алба хаагчдыг халдвараас хамгаалах, аюулгүй байдлыг хангах, бусдад халдвар дамжуулахаас сэргийлэх зорилгоор 2669 алба хаагч буюу алба хаагчдын 91 хувийг дархлаажуулалтын нэг, хоёрдугаар тунд бүрэн хамруулсан.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах