Цэс Close

Д.Сумъяабазар суудлаасаа буусан ч хариуцлагаас сугарч үлдэх ёсгүй

“Хүрээний бузрыг ухвал  далай” гэдэг шиг хотын булхайг уудалвал дуусахгүй. Хамгийн наад зах нь ногоон автобусны асуудлаар Д.Сумъяабазар нийслэлийн Засаг даргын албан тушаалаасаа, Ж.Сүхбаатар Хотын асуудал эрхэлсэн сайдаас буусан. Тиймээс нэг сая гаруй хүн амтай нийслэл хотыг  Х.Нямбаатарт хариуцуулахаар болсон.

Яагаад автобус худалдан авах асуудлыг төрийн нууцад хамааруулав. Улсын төсвөөр авч байгаа бараа бүтээгдэхүүнд яагаад тендер зарлаагүй вэ гэх мэт асуулт хөвөрнө. Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар “төрийн нууц” тамга даруулж, төрийн 400 орчим тэрбум төгрөгөөр тендергүй оруулж ирсэн. НЗД-ын захирамж гаргасан атлаа энэ бүхнийг түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар л “мэднэ” гэж булзаж нэг үзэв. Би тэр ногоон автобусанд огт хамаагүй хэмээн мэлзэж үзэв. Угтаа хотын даргын хувиар Д.Сумъяабазар түгжрэл, хотыг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ёстой байтал ногоон будаг нялсан автобусны хог, сэгийг улсын нууцад хамааруулан байж хот руу “шахаж” байгаад шившигтэйгээр баригдлаа. Ил баригдсан нь энэ болохоос өнгөрсөн жилүүдэд хотод энэ мэт авлига, ашиг сонирхлын шинж бүхий хэрэг, будлиан явагдаж ирснийг таашгүй юм.

“Ногоон автобус”-ны алдагдалд Д.Сумъяабазар огцорсноос өөрөөр хариуцлага хүлээхгүй мартагдаж хот автобусгүй, төсөв “мөнгөгүй” болж үлдлээ. Эцэстээ нийслэлийн дунд шатны хэдэн дарга нараар туг тахиад хэргийн жинхэнэ эзэд нь ямбатайгаа үлдэх үү. Ямбыг нь эдэлж байсны хувьд нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар ялыг нь ч бас үүрэлцэхээс өөр аргагүй.

Ерөнхий сайд ч УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл хийхдээ “Нийт хүн амын тал хувь нь амьдарч буй нийслэл Улаанбаатар хотын 30 гаруй жил ужгирсан системийн авлигыг цогц хэмжээнд цэгцлэх цаг болжээ. Хууль хяналтын байгууллагууд ч том шатны авлигын хэргүүдийг шүүхийн шатанд шилжүүлж, дунд шатны авлига руу ханцуй шамлан орох итгэл үнэмшил, цаг хугацаатай болж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тийм ч учраас Нийслэл Улаанбаатар хотын талаар Засгийн газрын тусгай тогтоол гаргаж, зургаан сарын хугацаанд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ нийслэлийн ужгирсан асуудлыг цогц байдлаар шийдвэрлэхэд нь онцгой анхаарч ажиллахаар шийдвэрлэсэн” гэсэн юм. Одоо хариуцлага тооцож чадах эсэхийг нь иргэд, олон нийт хүлээж байгаа. Хэрэв хотын дарга Д.Сумъяабазарын оронд дугаар хорооны иргэн байсан бол хэдийнээ дээлээ нөмөрч, хариуцлага хүлээх болчихсон байгаа.

Цаашлаад “Асуудал гарах бүрт нэг сайд, дарга огцроод л өнгөрдөг. Хүн нь явсан ч асуудал нь үлддэг, алдаа нь давтагддаг байдлыг халах ёстой” гэж Ерөнхий сайд чуулганы индэр дээрээс хэлж байна лээ. Энэ бүгдээс харахад энэ Засгийн газар явж ирсэн жишгээр бус ямбыг нь эдэлсэн бол ялыг нь ч үүрэх тогтолцоог бий болгож буй нь сайшаалтай гэж харагдах боловч яг цаг дээрээ өндөр албан тушаалтан бүхий намын журмын хариуцлагагүй нөхдийнхөө толгойг илээд өнгөрөх эсэх нь тодорхойгүй л юм.

Угтаа хуучин ногоон автобусны хэргийн үнэн ил болж, үүнээс хамгийн их хохирч үлдэж буй нь ард иргэд. Нийтийн тээврээр өдөрт 500-700 мянган хүн зорчдог.

Олны шүүмжлэлийг дагуулаад буй ногоон автобусыг үйлчилгээнд явуулснаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн бараг 50 хувь нь хийгдчих байсан гэх дүн мэдээ бий. Гэтэл одоо дахин парк шинэчлэлийн асуудал яригдаж цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр хохиролтой юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах