Д.Сумъяабазар: Халдварын эрсдэлтэй олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг өнөөдөр Баянгол дүүргээс цахимаар зохион байгууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн удаагийн зөвлөгөөнөөр 14 үүрэг, даалгавар өгснөөс 78.1 хувийн биелэлттэй байна. Хурлын эхэнд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийнхээ хэмжээнд хэрэгжүүлж буй ажлууд болоод цаг үеийн нөхцөл байдлын талаар нийслэлийн удирдлагуудад мэдээллээ. Баянгол дүүрэг 231 мянган оршин суугчтай бөгөөд үүнээс 142 мянган иргэн дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ. Дүүргийн хэмжээнд 8642 хүүхэд дархлаажуулалтад хамрагдсан бол сургууль, цэцэрлэг эхлэхтэй холбоотойгоор нийт багш, ажилчдын 45 хувийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулаад байна.
Улмаар тус хурлаар Хотын дарга дөрвөн чиглэлээр 14 үүрэг, даалгаврыг холбогдох албаныханд өглөө. Тухайлбал, “Хариуцлагын гэрээ” байгуулсан аж ахуй нэгжүүдэд хяналт тавих, дархлаажуулалт хийгдэж байгаа байршлуудыг тодорхой болгож, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллахыг үүрэг болгов. Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэл хангах, хичээл сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдуулан хурдан морь уралдуулах, бөх барилдуулах зэрэг халдварын эрсдэлтэй олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахгүй байхыг бүх шатны байгууллагуудад анхааруулсан юм. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын нөөцийг нэмэгдүүлэх болон хичээл сургалтын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах бэлтгэл ажлыг сайтар хангахыг Нийслэлийн Боловсролын газар болоод дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгов. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд авто зам, инженерийн шугам сүлжээ, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламжийн их, урсгал засвар, шинэчлэлтийн ажлыг шуурхай гүйцэтгэхийг харьяа байгууллагуудад даалгалаа. Эцэст нь газрын зөрчлийг арилгаж, чөлөөлөгдсөн байршлуудыг нийтийн эдэлбэр газраар бүртгэн, тохижуулах ажлуудад хяналт тавихыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт үүрэг болгосон юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл үлдээх