Европын хөрөнгө оруулалтын банк нэг тэрбум еврогийн санхүүжилтийг эрчим хүчний салбарт олгоно

Европын хөрөнгө оруулалтын банк нэг тэрбум еврогийн санхүүжилтийг эрчим хүчний салбарт олгох боллоо. Тус банкны дэд захирал Улаанбаатарт хүрэлцэн ирээд байна. Тэрээр Монгол-Европын бизнесийн форумд өчигдөр оролцсон юм.
Өнгөрөгч нэгдүгээр сард Давост болсон уулзалтаар ЕСБХБанк нэг тэрбум ам.долларыг мөн эрчим хүчний салбарт, хувийн секторт олгохоо баталгаажуулжээ. Ингээд нийт 8.0 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг ирэх таван жилд эрчим хүчний салбарт оруулна.
Үр дүнд нь:
Эрчим хүчний хувьд Монгол улс бие даана
Шууд болон шууд бусаар 10 мянган ногоон ажлын байр бий болно
Уул уурхай, барилга орон сууц, цахилгаан төмөр зам зэрэг бүтээн байгуулалтууд хийх суурь болно гэж УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэв.
Европын Холбооны Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас санаачлан “Европын Холбоо – Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын форум”-ыг зохион байгуулсан.
Тус форумд Монгол Улсын бодлого тодорхойлогч байгууллагын төлөөллүүд, хувийн хэвшлүүд болон Европын Холбооны хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч нийлсэн 700 гаруй төлөөлөл оролцжээ.
Энэхүү арга хэмжээний үеэр сэргээгдэх эрчим хүч ба ногоон технологи, эм эмнэлгийн мэргэжлийн хяналт зохицуулалт, текстил ба хувцас үйлдвэрлэл, уул уурхайн газрын ховор элемент гэсэн дөрвөн салбарын салбар хэлэлцүүлэг болов.
Текстилийн салбарын салбар хэлэлцүүлгээр Монголын ноос ноолуурын холбоо ерөнхий илтгэгчээр оролцож, ноос ноолуурын салбарын өнөөгийн байдал, төрөөс явуулж буй бодлого арга хэмжээ, салбарын экспортын боломж, хүний хөгжил, цэвэр технологийг нэмэгдүүлэх, тогтвортой болон ногоон эдийн засгийг дэмжих, санхүүжилт, татвар, зээл, урамшууллын оновчтой хөшүүргийг нэвтрүүлж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ирээдүйн хамтын ажиллагаа зэрэг асуудлуудыг хөндсөн илтгэлийг тавилаа.
Сэтгэгдэл үлдээх