Ерөнхийлөгчийн сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээ 8 тэрбум 103.9 сая төгрөг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг ирэх зургаадугаар сарын 09-ний өдөр болно. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээс санал авах өдрийг хүртэлх үйл ажиллагааны цаг хугацааны зураглалыг “СОНГОГЧДЫН БОЛОВСРОЛ”-д зориулан, бэлтгэн хүргэж байна.
1. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагаа дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 2-ны өдрийг дуустал гурав хоног үргэлжилнэ.
2. Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчдийн материалыг тавдугаар сарын 2-5-ны өдрийн хооронд хүлээж авна.
3. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх эсэхийг шийдвэрлэх хугацааг тавдугаар сарын 6-8-ны хооронд гэж заажээ.
4. Сонгуулийн ерөнхий хорооноос тавдугаар сарын 8-10-ны өдрийн хооронд нөхөн болон дахин нэр дэвшүүлэх хугацааг олгоно.
5. Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчдийг бүртгэх эсэхийг тавдугаар сарын 24-ний өдрөөс өмнө шийдвэрлэж, олон нийтэд танилцуулна.
6. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгаа тавдугаар сарын 24-ний өдөр эхлэх бөгөөд 15 хоног үргэлжилнэ.
7. Зургаадугаар сарын 06-ны өдөр саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг хэсгийн хороодод хүргүүлэх ажлыг зохион байгуулна.
8. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгааны хугацаа зургаадугаар сарын 07-ны өдрийг дуустал явагдана.
9. Санал авахын өмнөх өдөр зургаадугаар сарын 8-ны өдөр тохиох бөгөөд энэ өдөр 09:00-20:00 цаг хүртэл зөөврийн битүүмжилсэн саналыг хайрцгаар иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулна.
10. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрийг зургаадугаар сарын 09-ний өдөр гэж тогтоосон бөгөөд саналыг 07.00-22:00 цаг хүртэл авна.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА
НИЙТЛЭГ ШААРДЛАГА
- Монгол Улсын уугуул иргэн байх,
- Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан,
- 50 нас хүрсэн байх,
ТУСГАЙ ШААРДЛАГА
- Банк, бусад хуулийн этгээд болон иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өр төлбөргүй байх,
- Татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх,
- Аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийг хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх,
- Сэтгэцийн эмгэгүй байх,
ХОРИГЛОХ НЬ
- Эрүүгийн гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүнийг нэр дэвшихийг хориглоно.
- Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно гэж заажээ.
ИРЦ:
1. Сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчийн 50 буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол 50 хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нь нэмэлт санал хураалт явуулна.
2. Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцно.
3. Сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг СЕХ гаргаж, нийтэд мэдээлнэ.
4. Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 8,103.9 сая төгрөгөөр тогтоолоо.
Сэтгэгдэл үлдээх